Томуу, томуу төст өвчлөл орон нутагт нэмэгдсэн тухай өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан мэдээллээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, “Идэвхжлийн түвшиндээ байгаа 7 аймаг, харин алаг цоог дэгдэлтийн буюу улбар шар түвшиндээ байгаа найман аймаг, аймгийн хэмжээний дэгдэлт буюу улаан түвшинд байгаа зургаан аймаг байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад, ялангуяа “Улаан” түвшиндээ орсон аймаг таваар нэмэгдсэн байна” гэлээ.
Түүнчлэн томуугийн үүсгэгчийн хувилбарын тандалтын шинжилгээг ХӨСҮТ тогтмол хийж байна. Ингэхэд найман төрлийн вирус тодорхойлогдсоноос томуугийн “А” хүрээний H3N2 гэдэг вирус, үлдсэн нь томуу төст өвчин үүсгэгч вирусууд байна.
Үүнтэй холбоотойгоор Булган, Дархан-Уул, Завхан, Өмнөговь болон Ховд аймгийн бүсийн оношилгооны төвүүдэд нэмэлтээр ор гарган тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж. Харин нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт нэмэлтээр ор гарган томуу, томуу төст өвчний оноштой хүүхэд болон насанд хүрэгчдэд үйлчилж байна.
Монгол Улсын Засгийн газраас сургуулийн боловсролын хоцрогдлыг арилгах зорилгыг дэмжиж хичээл сургалтыг танхимаар зохион байгуулах шийдвэр гаргасан. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хувь хүний хариуцлага өндөрсөж байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан мэдээллийнхээ үеэр санууллаа.