БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдрэнэ Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михневтэй өнөөдөр (2022.02.10) уулзалт хийлээ. Уулзалтын бүрэлдэхүүнд БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Ариунтуяа нар байлцав.
Талууд уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, аялал жуулчлал, хамтын ажиллагааны асуудлаар голчлон санал солилцсон юм.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газартай 2021-2025 онд хамтран хэрэгжүүлэх Түншлэлийн стратегийн хүрээнд байгаль орчны асуудлууд болон аялал жуулчлалтай холбоотой олон зорилтууд туссан байгаад талархалтай байна гэдгээ онцлоод, “Байгалийн нөөцийн ашиглалт, орчны бохирдлыг багасгах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох чиглэлээр шууд болон салбар дундын зохицуулалттай асуудлуудыг чухалчилж байна.
Иймээс энэ чиглэлийг үргэлжлүүлэн анхаарч үзнэ гэдэгт итгэлтэй байна” гээд Улаанбаатар хотоос гадна суурин газруудын орчны бохирдол, төвлөрлийн асуудлыг анхаарч, Эрдэнэт, Дархан зэрэг хоёрдогч дагуул хотуудын хот төлөвлөлт, эрчим хүчний үр ашигтай байдлыг сайжруулах, эрсдлийг бууруулах чиглэлээр дэмжлэг үзүүлж байгаад талархаж буйгаа хэллээ.
Мөн тэрбээр аялал жуулчлалын салбарын хөгжлийг тогтвортой дэд бүтэц болон өрсөлдөх чадварт суурилсан шинэлэг бүтээгдэхүүн бий болгох хүрээнд хамтран ажиллах олон боломжуудыг танилцуулж, аялал жуулчлалын салбар КОВИД-19 цар тахлын улмаас зогсонги байдалд хүрсэнг дурдаад, “Засгийн газраас эдийн засгаа богино хугацаанд сэргээх арга хэмжээнүүд авч эхлээд байна. Тэргүүлэх чиглэл аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлогын хүрээнд агаарын тээврийн либералчлалыг хийж, Монгол Улсын ДНБ-нд эзлэх хувийг нэмэгдүүлэх, уул уурхайтай өрсөлдөхүйц түвшинд хөгжүүлэхээр ажиллаж байна. Энэ арга хэмжээнүүдийг Дэлхийн банкны стратегид тусгагдсан жижиг, дунд үйлдвэрлэгчид болон бусад ложистик бизнесийн орчныг дэмжих, хөгжүүлэх зорилгуудтай уялдуулах нь үр өгөөжийн хувьд өндөр хүлээлттэй байна” гэлээ.