Сайд асан Ё.Отгонбаяр сэтгүүлчдийн амь насанд заналхийлсэн асуудлаар мэдээлэл хийлээ

Сэтгүүлчдийн амь насанд заналхийлсэн асуудлаар сэтгүүлч У.Оргилмаа, Н.Өнөрцэцэг, Ч.Лодойсамбуу, Г.Мөнхтуул, Ж.Мядагбадам, Н.Баасандамба, Ч.Доржбат нар мэдээлэл хийлээ.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг “Бид УИХ, Засгийн газрын гишүүн асан Ё.Отгонбаярын сэтгүүлч нар руу чиглэсэн сүрдүүлгийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийж байна.

Энэ асуудал юунаас үүссэн бэ гэдэг талаар товч мэдээлэл өгье.

Өнгөрөгч долоо хоног Хөгжлийн банкнаас гаргасан зээлийн 55.3 хувь нь чанаргүй гэдэг ангилалд орсон талаарх мэдээллийг олон нийтэд дэлгэсэн. 55.3 хувийг 26 компанийн авсан 841 тэрбум төгрөгийн зээл эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг банкнаас гаргасан зээлийн талаас илүү хувь нь эргэн төлөгдөх боломжгүй болоод байна. Энэхүү 26 компанийн цаана ямар хүмүүс байна вэ гэдэг дээр zarig.mn сайт судалгаа хийсэн. Ингэхэд ихэнх нь ихэнх компани улстөрчидтэй холбоотой нь баримтаар нотлогдсон.

Бид энэхүү мэдээллийг ил болгосон. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Ц.Ууганбаяр гэдэг хүний компани Хөгжлийн банкнаас 117.9 тэрбум төгрөгийн зээл аваад өгөхгүй байгаа. Мөн УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хүүхдүүд болон төрсөн дүү, мөн гишүүн асан Б.Дамба-Очирын төрсөн дүү их хэмжээний зээл авсан баримтыг ил болгосон.

Дараагийн мэдээлэл нь Ё.Отгонбаярын эхнэрийн хувь эзэмшдэг компани Хөгжлийн банкнаас 17.7 тэрбум төгрөгийн зээл авсан баримт.

Ё.Отгонбаяр нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Нүүдэлчин” групп гэж тусгасан байдаг. “Нүүдэлчин” группийг Ё.Отгонбаярын эхнэр Ш.Батнасан эзэмшдэг. Сайд асан энэ баримтыг үгүйсгээгүй. Тэрбээр “Би энэ эмэгтэйтэй 2018 онд гэрлэлтээ батлуулсан” гэж өөрийн албан ёсны твиттер хаягаараа мэдэгдсэн. Тус компани нь 2018 онд Хөгжлийн банкнаас зээл аваад одоо болтол төлөөгүй байгаа.

Zarig.mn сайт ийм мэдээллийг гаргаж тавьсан. Харин сэтгүүлч У.Оргилмаагийн хувьд манай сайтад гарсан мэдээллийг ритвийт хийж, “Нүүдэлчин” групп нь “Мон дулаан” компанитай холбоотой гэж сэтгүүлчийнхээ хувиар мэдээлэл өгсөн.

Гэтэл сайд асан Ё.Отгонбаяр сэтгүүлч У.Оргилмаа болон zarig.mn сайтыг заналхийлсэн" гэв.

Сэтгүүлч У.Оргилмаа “zarig.mn сайтын байнгын уншигчийн хувиар харж байгаад миний мэдэж байгаа зүйл дурдагдаагүй бол коммент хэсэгт нь мэдээлэл өгөх байдлаар бичдэг.

Энэ үүднээс “Мон дулаан” гэдэг компани Ё.Отгонбаяр гэдэг хүнээс илүү Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэнгийнх гэдэг мэдээллийг нэмж бичсэн. Гэтэл Ё.Отгонбаяр гэр бүлийнхээ хүний талаар нэмж бичсэн. Ингээд маргааш нь Ё.Отгонбаяр “Заригтай чинь хамт ална, заавал ална” гэхчлэн бичсэн байсан. Энэ бол төрийн өндөр албан тушаал хашиж байсан, одоогийн байдлаар Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргын зөвлөхийн алба хашиж байгаа хүний хувьд байж боломгүй зүйл.

Дээр нь Эрүүгийн хуулийн 13.5.1-д заасан “Бусдад хүч хэрэглэх, сүрдүүлсэн” гэдэг тодорхой заалттай эрүүгийн хэрэг учраас цагдаагийн байгууллагад шалгуулахаас хандсан.

Ё.Отгонбаяр өнөөдөр надаас уучлал гуйсан. Гэхдээ энэ бол зөвхөн бид хоёрын хооронд болоод өнгөрөх асуудал биш болсон.

Энэ асуудлыг ил болгож дуугарахгүй юм бол өнөөдөр ажлаа хийж яваа залуу сэтгүүлчдэд ямар дарамт ирэхийг мэдэхгүй байна.

Намайг хувийн ДМ задалсныг ёс зүйгүй гэх шүүмжлэл байгаа. Гэхдээ энэ бол зүгээр нэг ДМ биш заналхийлэл гэж би үзэж байна.

Энэ хүнд ёс зүйн хариуцлага тооцож, одоо хашиж байгаа албан тушаалуудаас нь огцруулаасай, Ерөнхий сайд нэр цэвэр баг бүрдүүлээсэй гэж хүсэж байна” гэлээ.

Г.Туул: Бид энэ хагас ч гэсэн эрх чөлөөгөө алдмааргүй байна

Энэ асуудал бол зөвхөн Ё.Отгонбаяр гэдэг хүний асуудал биш. Монголын хэвлэл мэдээллийг хумих, сэтгүүлчдийг айлгах тохиолдол зөндөө байсан шүү! Монгол улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй улсуудын тоонд хэвээр байна. Бид энэ хагас ч гэсэн эрх чөлөөгөө алдмааргүй байна. ОХУ-д төрийн албан тушаалтнуудын булхайг илчилснээрээ буудуулж байсан ч сэтгүүлч байдаг. Турк улсад ч саяхан Төрийн тэргүүнээ шүүмжилснийхээ төлөө баривчлагдсан. Бид хувийн эмзэг мэдээллийг бус ил тод байх ёстой мэдээллийг хүргэсэн. Шүүмжлэлийг хүлээн авч, алдаагаа засах ёстой байтал хүний амь насанд заналхийлэх нь байж боломгүй асуудал"
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ