Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын дэд дарга С.Даваасүрэнгээс “Таван толгой түлш” ХХК-ийн Сайжруулсан түлшний талаар тодрууллаа.
-НМХГ-аас агаарын бохирдлын шалтгаан, нөхцөлд хяналт, шалгалт хийж байгаа юу?
-НМХГ-аас Улаанбаатар хотыг тойрсон товчоодод байнгын хяналт тавьж ажиллаж байгаан зэрэгцээ мөн “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн болон баруун үйлдвэрт улсын байцаагч хөдөлмөрийн аюулгүй байдал, технологид хяналт тавин ажиллаж байна. Түүнчлэн түүхий нүүрс түлэхийг хориглосон 99 хороонд улсын байцаагч томилогдон, өдөр бүр хяналт тавин ажилладаг. Монгол Улсын Шадар сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу нэгдүгээр сарын 7-9-ны хооронд гурван өдөр МХЕГ-ын албан хаагч, НМХГ-ын нийт бүрэлдэхүүн, цагдаагийн албан хаагч, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болон хороо, дүүргийн мэргэжилтнүүд, хэсгийн ахлагч нар “Таван толгой түлш” ХХК-ийн ажилчидтай хамтран нийт 4000 гаруй хүн Улаанбаатар хотод хог хаягдал түлж байна уу, түүхий нүүрсний хэрэглээ байгаа эсэхэд хяналт тавин ажиллалаа. Энэ хугацаанд 99 хорооны 60 мянга орчим өрх, аж ахуйн нэгжид хяналт, шалгалт хийсэн. Шалгалтад хамрагдсан нийт айл өрх, аж ахуйн нэгжийн 98.5 хувь нь сайжруулсан шахмал түлш хэрэглэж байна. 1.4 хувь нь цахилгаан хэрэглэж байгаа дүн гарсан. Шалгалтын үед мөн тодорхой хэмжээний зөрчил гарсныг тухай бүр арилгуулсан.
-Иргэд сайжруулсан түлштэй холбоотой гурван төрлийн санал, гомдол хэлж байна. Нэгдүгээрт, өмнөх жилүүдтэй харьцуулахад сайжруулсан түлшний илчлэг муу байна. Хоёрдугаарт, үүрмэг их байна. Гуравдугаарт, уугилт их байна гэсэн. Бид “Таван толгой түлш” ХХК-ийн түлшний лабораторийн шинжилгээнд байнгын хяналт тавьдаг. Илчлэгийн хувьд өнгөрсөн найм, есдүгээр сард үйлдвэрлэсэн түлшний илчлэг өмнөх үзүүлэлтээс буурсан байсан. Стандартаар илчлэг 4800 байх ёстой ч 6000 гаруй байдаг байсан. Харин өнгөрсөн найм, есдүгээр сард 5000 руу орсон. Үүнийг тодруулахад, “Таван толгой түлш” ХХК мидлингээ маш ихээр нөөцөлж, гадаанаа удаадаг. Үүнээс болж илчлэг муудсан байх магадлалтай. Иймээс хоёр, гурван сараас биш, 14 хоногоор нөөцөлж, үйлдвэрлэлд оруулбал илчлэг өндөр байхаар байгаа юм. Нөгөө талаас сайжруулсан түлш түлж байгаа зуух шаардлага хангахгүй, түлшээ гүйцэд шатаахгүй, утаа их гарч байна.
Уугилт их байна гэдэг чийглэгтэй холбоотой. Иргэд хөлдүү түлш ирж байна гэж байгаа. Сайжруулсан түлш чийглэг ихтэй байгаа учраас утаа ялгаруулж байх магадлалтай. Чийглэгийн стандарт 10 болон түүнээс бага байх ёстой. Гэтэл баруун үйлдвэрийнх нэг шугам нь 1.4, нөгөө нь 1.8, зүүн үйлдвэрийн нэг шугам нь 6.9, нөгөө нь 8 байна. Хэдий стандарт нь 10 ч гэлээ хоёр үйлдвэрийнх харьцангуй өөр гарч байгаа. Стандартын дагуу 10-аас доош гэсэн болохоор бид шаардлага хангасан дүгнэлт гаргадаг гэв.