Эрүүл мэнддээ анхаарч алсын зайнд гүйдэг болсноор нь сошиал орчинд С.Амгаланг бид эчнээ таньдаг болсон билээ. Тэрээр 2020 онд цахим хуудсандаа ээж хүний дотоод мөн чанарыг тодотгосон бичвэр нийтлэж байжээ.
ИЖИИ
Ээж маань 1980 онд хавдар хэмээх аюулт өвчнөөр өвдөж хуучнаар ЗХУ-д очиж хүнд хагалгаанд орсон юм. Тэхэд дүү бид 2 жоохоон байсан. 3,4-хөн настай. Жил бүр Орос руу химийн эмчилгээ хийлгэхээр явдаг байлаа. Хэдэн жил явсныг нь би сайн мэдэхгүй. Ирэхдээ үсгүй, шүдгүй, хөмсөггүй болчихсон байсан юмдаг. Ээжээсээ айна. Үсгүй халзан, шүдгүй, толгойдоо алчууртай хүн хүүхдэд эвгүй харагддаг байсын байлгүй дээ.
Тэр цагаас хойш ээж маань 39 жил эцсийн мөч хүртлээ амьдралын хатуу дэглэм барьсан юм. 92 хүрсэн. Би ч ээжийгээ хүнд өвчтэйг нь мартсан. Хоол хэтрүүлэн идэхгүй. Нэг идсэн л бол ямар ч амттан таарсан татгалзана. Яагаад ч ахин идэхгүй. Заримдаа бүүр гомдмоор, гайхмаар. Гоё юм аваад очихоор би сая хоолоо идчихсэн л гэнэ. Маргааш идье дээ гээд цааш хийчихнэ. Тэвчээр алданаа гэж байхгүй.
Өглөө бүр дасгал хийнэ. Алхана. Орон дотроо дугуй унаж байна гээл хөлөө гозгонуулаастай, жийгээстэй. Сүүлийн мөчөө хүртэл, хэвтэрт ортлоо дасгалаа хийсээр л байсан. Цэл хүйтэн усаар цээж, биеэ тогтмол арчина. Чийрэгжүүлэлт. Өлсгөлөн, олон цагаар унтахыг ёстой үзэхгүй. Хүн өдрийн 5 хооллох ёстой, чи хэд идсэн, хэд хүртэл унтсан гээл тачигнана.
Бохир гарыг ёстой үзэхгүй. Гараа угаа гээд байж суухын аргагүй шаардана. Ээжтэй уулзсан үед гараа угаахгүйгээр юунд нь ч гар хүрч болохгүй. Аймаар. Загнуулна. Бас унтамхай хүнийг үзэхгүй ээ. Сурах, хөгжих хайран цаг гээд толгой тасдана.
Сэтгэлийн маш хатуужилтай. Бас зорилготой ээж. Баргийн зүйлд сэтгэлээ элдэв болгож хямраахгүй. 80 гарсан хойноо бариачийн дамжаанд сууж, Хятад хэл, Түвд хэл бие даан суралцаж байлаа. Оросоор бол ус цас. Өөрөө эмч хүн л дээ. ЗХУ-ын Ленинград хотноо хүүхдийн их эмч мэргэжлээр суралцсан Монголын анхны хүүхдийн эмч нарын нэг. “Сэрэлт” киноны орос эмчтэй нэг анги. Сайн найзууд байсан. С.Зоригийн ээж Доржпалам гуай. Сүүлд ээж маань ОХУ-ын Буриад улсын гавъяат эмч болсон.
Намайг эрүүл мэндэдээ анхаарч, гүйж эхлэхэд хамгийн их баярласан хүн бол миний ээж. Уулзах болгондоо асууна. Миний хүү гүйж байгаа юу гэнэ. Хүүхдүүдээс маань харин хичээлдээ ямар сурч байна гэж нэг бүрчилэн асууна. Боловсрол, эрүүл мэнд 2-т амиа тавьдаг ээж байлаа. Чи юм унш, биеэ хөдөлгө, зүгээр суувал үхнэ шүү. Хөгшин залуу хамаагүй аваад л явчихдаг юм шүү гэнэ. Хатуу үгтэй л дээ.
Би хотод оюутан болж ирээд анх удаа коко кола, тахианы шарсан гуя идэж үзээд. Үгээр хэлэхийн аргагүй, гайхамшигт амт. Шууд л ээж санаанд орсон. Ээждээ энэ амтыг мэдрүүлэхсэн. Ээжтэйгээ хамт хотын энэ гоё хоолнуудыг идэхсэн гэж мөрөөддөг байж билээ. Гоё хоол хоолой давахгүй, ээж бодогдоод. Ээж юу идэж байгаа бол гээд есөн шидийн юм бодноо. Сүүлд олон удаа хамт гоё хоолны газар орсон л доо.
Ээжийн тэмдэглэлийн дэвтэр дээр миний утасны дугаар их тодоор, томоор бичээстэй байдаг байлаа. Яагаад гэхээд ээж маань насан өндөр болоод, гэрээсээ гарахаараа төөрчихдөг байсан юм. Байсгээл цагдаагийн газраас над руу утасдана. Энд нэг эмээ байна. Та хүү нь мөн үү, ирж ав гэнэ. Очихоор цагдаагийн газрын үүдэнд, жижүүр дээр томоотой сууж байх. Яааг жоохон хүүхэд шиг. Зайлуул, намайг хараад “энэ миний хүү” гээд их баярланаа. Замдаа хоёулаа зөндөө юм болноо. Та юугаа хийгээд ийшээ тийшээ яваад байдын, гэртээ л байхгүй дээ гээл. Тоохгүй ээ. Хэд хоноод ахиад төөрчихнө. Ахиад би очиж авна.
Би ээжийгээ баярлуулах санаатай зориуд өвлийн өвгөн болж очсон юм. Өндөр настай ээжид минь хаанаас өвлийн өвөө очиж бэлэг өгөхөв дээ. За сайн байна уу та гээд орсон чинь шууд л таньсан. Амгалан уу гээд. Юун өвлийн өвөө. Тэгээд хөөрхөн бэлгээ өгөөд, үнсээд, үнсүүлээд гарсан даа.
Тээр жил хотод оюутан байхдаа хөдөө байгаа ээжийгээ санаад “Бүүвэй бурхан”гэж шүлэг бичээд. Тэгсэн нэг дуучин ая хийгээд дуулчихаж. Тэрийг ээж, аав хоёр олоод. Гэрт нь очихоор өдөр шөнөгүй тэр дуу яваастай, санаа зовмоор. Ямар л олигтой шүлэг байв гэж.
Ээж маань намайг:
1. Боловсролд хайртай
2. Эрүүл мэндэдээ анхаарч, дасгал хөдөлгөөн хийдэг.
3. Сэтгэлийн их тэвчээртэй.
4. Насан турш суралцдаг хүн болоосой гэж хүсдэг байж дээ.
Одоо би хүүхдүүддээ ээжээсээ “өвлөсөн” яг энэ 4 зүйлийг өвлүүлэхийг, үлдээхийг хүсдэг.