Нийслэлийн хэмжээнд 661.348  агаар бохирдуулагч хөдөлгөөнт эх үүсвэр буюу автомашин тоологджээ

НИТХ-ын 2021 оны 12 дугаар сарын 24-ны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хэлэлцсэн билээ.  Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолд нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай заасан бөгөөд уг тогтоолын хэрэгжилтийн талаар Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал  хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа:

-Гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан шахмал түлшээр хангах ажлыг сүүлийн хоёр жилийн турш хэрэгжүүлж байна. Айл өрхүүдийн түлшний хэрэглээг хангахын тулд нийслэлд шахмал түлшний 600 цэгийг гаргаж, борлуулалт хийж байгаа бөгөөд 735 автомашинаар тээвэрлэлт хийж байна. Мөн нийслэлийн хэмжээнд 36 түлшний агуулах ажилладаг хэмээсэн юм.

Мөн тэрбээр сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсноор Нийслэл Улаанбаатар хотын агаарын чанарт ямар өөрчлөлт гарсан тухайд танилцуулахдаа “2016 оны Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулагч бодисын дундаж агууламжийг сайжруулсан шахмал түлш бүрэн нэвтэрсэн 2020 оныхтой харьцуулахад РМ 2.5  тоосонцор 59 хувиар, РМ 10 тоосонцор 52.6 хувиар буурсан байна” хэмээн танилцуулав.

2021 оны аравдугаар сарын байдлаар нийслэлийн зургаан дүүрэгт 195.992 зуух тоологдож, сайжруулсан түлшний хэрэглээ 685.972 тоннд хүрчээ. 100 кВт-аас дээш хүчин чадалтай тусгай зөвшөөрөлтэй усан халаалтын 182 зуух,  100 кВт-аас дээш хүчин чадалтай уур үйлдвэрлэгч  усан халаалтын 88 зуух, 4200 кВт-аас дээш хүчин чадалтай усан халаалтын 41 зуух нийслэлд бий. Эдгээр зуухыг түүхий нүүрс, мидлинг болон сайжруулсан түлшээр галлаж байгаа ч ирэх оны тавдугаар сарын 15-ны өдрөөс түүхий нүүрсээр галлахгүй байхаар Шадар сайдын шийдвэр гарсан байна. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 661.348  агаар бохирдуулагч хөдөлгөөнт эх үүсвэр буюу автомашин тоологджээ. Энэ нь 2016 оноос 16 хувиар, харин жилийн өмнөхөөс 51.157-аар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлын хоруу чанарыг хөл хорионы үе болон хөдөлгөөн хэвийн үетэй харьцуулж үзжээ. Ингэхэд РМ 2.5  тоосонцор дөрөв дахин, РМ 10 тоосонцор 3.8 дахин, хүхрийн давхар исэл 3.2 дахин, азотын давхар исэл 2.7 дахин ялгамжтай гарсан байна.

Цаашид Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн Налайх дүүргийг, цаашлаад 2024 он гэхэд Багануур, Багахангай дүүргийг нэмж оруулахаар төлөвлөжээ. Хүн амын шилжилт хөдөлгөөний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож,  Шадар сайдын 123 дугаар тушаалын хэрэгжилтийг хугацаанд нь бүрэн хангуулж,  130 мянган тонн түүхий нүүрс, 68 мянган тонн мидлинг хэрэглээнээс хасагдана. Авто тээврийн хэрэгслээс ялгарах бохирдуулагч бодисын хэмжээг бууруулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох ажээ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ