НОБЕЛИЙН ШАГНАЛ бол дэлхийн шинжлэх ухаан, энх тайван аюулгүй байдалд жинтэй хувь нэмрээ оруулсан нэгнийг жил бүр тодруулж 12-р сарын 10-ны өдөр албан ёсоор гардуулдаг дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал юм.
Нобелийн Энх Тайвны шагналд жил бүр хоёр гурван зуун нэр дэвшигч өрсөлддөг бөгөөд уг шагналыг улс төрч Михаил Горбачёв, Нельсон Мандела, Барак Обама зэрэг дэлхийн энхтайваны олон зүтгэлтэн хувь хүмүүс хүртэж байсан. Нобелийн шагналыг хувь хүнээс гадна байгууллага хувь хүнд хамтатгаж бас өгдөг. Тухайлбал, 2005 оны Нобелийн Энх тайвны шагналыг Олон улсын атомын энергийн агентлаг /ОУАЭА/ болон түүний Ерөнхий захирал Мохамед Эль-Барадей хоёрт 50:50-иар нь хувааж эзэмших эрхтэйгээр хүртээж байв. Нобелийн шагналыг мөн байгууллага хамт олонд олгодог. Тухайлбал, 2013 оны Нобелийн Энх тайвны шагналыг Гаагад байрладаг НҮБ-ын Химийн зэвсгийг хориглох байгууллага /OPCW/-д олгосон.
Энэхүү шагнал нь байгууллага хамт олны шагнал учраас Химийн зэвсгийг хориглох байгууллагын албан хаагч зэвсгийн шинжээчид, түүний дотор байгуулагдсан цагаас нь эхлэн хориод жил залгамж халаагаа хадгалан химийн зэвсгийн мэргэжлийн шинжээчээр өдөр шөнөгүй тэнд ажилласан генерал Монтойн Хүрлээ, хурандаа Загдын Нармандах, Доржпаламын Эрдэнэцогт, Догсомын Ганбаатар нарын дэлхий дээрхи химийн зэвсгийн нөөцийг устган энх тайвны үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлсэн, цаашлаад үндэсний шинжээчдээ хориод жил илгээн ажиллуулсан Монгол Улсын даян дэлхийн энх тайванд оруулсан хувь нэмрийг үнэлсэн шагнал юм /зураг дээр/.
Өнөөдөр монгол залуучууд дэлхийн боловсрол эзэмшиж дэлхийн шилдэг их дээд сургууль, лабораториудад ажиллаж шинжлэх ухааны шинэ нээлтүүд хийж байгаа өнөө үед монгол генүүд аав ээжээс заяасан нэрээрээ Алберт Эйнштэйн шиг дангаараа хувиараа Монгол Улсынхаа нэрийг дуурсган эрт орой хэзээ нэгэн цагт Нобел хүртэх нь дамжиггүй. Өмнө нь Монгол Улсаас Л.Түдэв гуай, Г.Мэнд-Ооёо нарын цөөнгүй хүмүүс Нобелд нэр дэвшиж байсан, өнөөдөр ч манай урлаг утга зохиолын салбарт Нобелийн шагналын болзол хангасан, дэлхийн уншигчдын дунд нэр хүндтэй, ном зохиолууд нь гадаадын олон орны номын дэлгүүр интернэтэд эрэлт хэрэгцээтэй байдаг Чинагийн Галсан нараас авхуулаад уран бүтээлчид цөөнгүй бий.
Оросын агуу зохиолч Лев Толстой 1906 оны Нобелийн шагналд шалгарч яг авдгийн даваан дээр мань хүн уг шагналыг дагалддаг сая ногооны сургийг сонсоод Ад чөтгөрийн тэр их мөнгө намайг их зантай болгож эвдэж сүйрүүлнэ гээд Нобелийн шагналаасаа татгалзаж байсан нь хувь хүний ёс зүйтэй холбоотой байх. Харин манай Химийн зэвсгийг хориглох байгууллага хамт олныхоо хурлаар хэлэлцээд Нобелийг дагалдсан тэр их мөнгөөөрөө Hague award буюу Гаагын шагнал гэдэг тусгай сан байгуулж жил бүр даян дэлхийг химийн зэвсгээс ангижруулахад хамгийн их хувь нэмэр оруулсан хэн нэгнийг шалгаруулж хэдэн арван мянган доллараар шагнаж урамшуулдаг журамтай тул таарч тохирч байгаа бол та ч гэсэн материалаа явуулж уг шагналд өрсөлдөж болно.
https://www.opcw.org/opcw-hague-award ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ