УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ: Улсын Их Хурлаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж байна. Энэхүү хууль бол товчхондоо Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид буюу зөвхөн койн, токены арилжааг зохион байгуулж байгаа биржүүдийг бүртгэлжүүлэх, зохих үйл ажиллагаанд хяналтыг тавих зорилготой. Харин койн, токен гаргаж буй хуулийн этгээдүүдийг Мэргэжлийн холбоодын санал зөвлөмжийг үндэслэн тухайн бирж нь хяналтаа тавьж, шалгаж ажиллана.
Дэлхий нийтэд виртуал хөрөнгө буюу койн токены зах зээл эрчимтэй хөгжиж, санхүүгийн харилцаа идэвхитэй явагдаж байгаагийг нэгэн адилаар Монгол улсад ч 5 бирж дээр өнгөрсөн хугацаанд нийт 2 их наяд төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Энэ бол бага дүн биш. Харин энэхүү арилжаанд оролцож буй иргэн бүр ашиг олж байгаа юу гэвэл үгүй. Тиймээс Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс иргэддээ анхааруулга хүргэж байна.
Виртуал хөрөнгийн арилжаа бол технологид суурилсан чөлөөт зах зээлийн л арилжаа. Тиймээс бусад зах зээлийн харилцаанд үйлчилдэг гол зарчим болох эрсдлээ өөрөө даадаг зарчим үүнд ч мөн үйлчилнэ. Таны 10 төгрөгөөр худалдан авсан койн маргааш гэхэд 5 төгрөг болох ч боломжтой буюу зах зээлийн журмаараа үнэ тогтдог учраас савлагаа ихтэй, эрсдэл өндөртэй төрлийн арилжаа юм.
Тиймээс иргэд маань энэ төрлийн арилжаанд оролцохдоо эрсдлээ даах хэмжээний хөрөнгөөр оролцож, тухайн харилцаанаас үүдэн гарч болох аливаа эрсдлийг зөвөөр тооцоолж, хэт их эрсдэл үүрэхгүй байхыг анхааруулж байна. Хэрэв ямар нэг эрсдэл, хохирол үүссэн тохиолдолд хууль эрх зүйн орчны хувьд ч, зах зээлийн харилцааны хувьд ч төр аливаа хохирол, эрсдлийг хариуцах боломжгүй гэдгийг дахин мэдэгдэж байна.