2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хойш иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд Хан-Уул дүүрэг дэх “Ногоон хэрэм” төгөл, “Баянгол агро парк” болон “Шинэ Налайх”, СХД дэх “Бумбатын рашаан” цэцэрлэгт хүрээлэнд мод тарьжээ. Дээрх газруудад хамгаалалтын хашаа барьж, усалгаа, арчилгаа, тордлогоог нь шийдсэн байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамны харья “Ойн судалгаа хөгжлийн төв”-д үрээр ургуулсан 10000 тарьц, суулгацыг эдгээр байршлуудад тарьсан.
Моддыг Нийслэлийн Байгаль орчны газар, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний газрууд хариуцах юм. Мөн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд тарьсан модоо арчлах боломжтой.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойгоос нэг ширхэг ч мод авчирч суулгаагүй, үрээр үржүүлсэн мод тариад байна.
Нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн. Үндэсний хөдөлгөөний хүрээнд цөлжилт эрчимжсэн газар нутгийн дөрвөн хувийг ойжуулж, нийт газар нутгийн 7.9 хувь нь ойтой болно. Мөн хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор бууруулах урьдчилсан тооцоолол хийгээд байна.