Б.Бямбадорж: Олон ажилтантай албан байгууллагуудад захиалгаар очиж,
дархлаажуулалт хийж байна
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хэвлэлийн хурлын эхэнд “Ковид-19”-ийн халдварын тохиолдол 37 дахь долоо хоногт хамгийн өндөр тархалттай байсан бол аажмаар буурч 40 дэх долоо хоногт өдөрт дунджаар 3446 тохиолдол бүртгэгдсэн. Нийт тохиолдлын 11 хувийг жирэмсэн эх эзэлж байна. Гэрийн тусгаарлалтад эмчлэгдэж байгаа иргэдийн тоо 28.195 болж буурсан үзүүлэлт гарсан. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо 6554 болж нэмэгдэх хандлагатай байгаа бол тусгаарлах байранд 350 ороор эмчилгээ хийж байна. “Ковид-19” шалтгаант нас баралт 39 дэх долоо хоногт 10 байсан бол 40 дэх долоо хоногт долоо болж буурлаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн хүнд, нэн хүнд хүмүүс нэмэгдэж байна. Хөнгөн оноштой ч цаашид эмчлүүлэх шаардлагатай иргэдийн тоо эмнэлэгт байгаа иргэдийн 18 хувийг эзэлж байгаа. Вакцинжуулалт 35-39 дэх долоо хоногт тогтвортой байсан. Вакцинжуулалтын нэмэлт тунд хамрагдсанаар эрсдэлээс хамгаалах хувь нэмэгдэнэ гэдгийг дахин хэлье. Эрүүл мэндийн сайдын тушаалаар нэмэлт дархлаажуулалтыг идэвхжүүлэх эрчимжүүлсэн төлөвлөгөө гарсан. Үүний дагуу НЭМГ-аас дархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, явуулын баг ажиллуулах арга хэмжээ авч байгаа. Коронавирусийн халдвартай зэрэгцэн улирлын томуугийн дэгдэлтийн үе ирсэн. Үүнээс сэргийлж томуугийн дархлаажуулалтыг 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдэд хийгээд байна. Өнөөдрийн байдлаар 2-11 насны хамрагдвал зохих 163.620 хүүхдээс 97.5 хувь, жирэмсэн эхчүүдийн 93.3 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна.
Нэмэлт тунг Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 оны наймдугаар сараас эхлүүлсэн. Сүүлийн долоо хоногт нэмэлт дархлаажуулалтын хамрагдалт идэвхжиж байгаа нь сайн үзүүлэлт юм. Бид оюутнуудыг дархлаажуулахын тулд оюутны дотуур байранд явуулын баг ажиллуулж байгаа. Нийт найман сургуулийн 3635 оюутныг хамруулахаас 51.6 хувийг хамруулаад байна. Тиймээс оюутнуудыг нэмэлт дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Нийслэлийн хэмжээнд суурин 49, явуулын 21 цэгт 80 багийн 303 эмч, ажилтан ажиллаж байгаа. Эдгээр хүмүүс зөвхөн бүтэн сайнд л амарна. Тиймээс иргэд та бүхэн өөрт хамгийн ойр цэгт очиж вакцинаа хийлгэх боломжтой. Бид мөн олон ажилтантай албан байгууллагуудын захиалгаар очиж, дархлаажуулалт хийж байна” хэмээв.
Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Хэвтэн эмчлүүлэх орны хүрэлцээ ямар байна вэ?-14 хоногийн өмнөөс ор зохицуулах Ажлын хэсэг ажиллаж эхэлсэн. Аравдугаар сарын 13-ны байдлаар дүүргийн тандалтын багаас 511 хүнийг хэвтэх шаардлагатай гэж үнэлсэн учир эдгээр иргэнийг 35 эмнэлэгт хэвтүүлсэн. Улбар шар эрэмбэд 455 хүн эрэмбэлэгдсэнээс 435 хүнийг, шар эрэмбэд 51 хүн байгаагаас 30 хүнийг, ногоон эрэмбийн гурван хүн, нийт 485 хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн бол 46 хүн өчигдөр эмнэлэгт хэвтэж чадаагүй, өнөөдрийн төлөвлөгөөнд орж хүлээгдсэн байна. Эмнэлгийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангаж 17 ор, эрчимт эмчилгээний хоёр орыг бэлтгэл байдлаар ажиллууллаа. Мөн хэвтэн эмчлүүлэх шаардлагатай 57 жирэмсэн эхийг 100 хувь хэвтүүлэн, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн. Хариу арга хэмжээний 62 багт эмнэлгийн 248 ажилтан 62 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа. Хариу арга хэмжээний багт 239 резидент эмч хуваарилагдсанаас 73 нь ажиллаж байна. Глобал сангийн дэмжлэгтэйгээр 207 сайн дурын идэвхтэн ажиллахаас 93 буюу 44.9 хувь нь, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн 187 сайн дурын ажилтан ажиллахаас 77 нь ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр төрийн албан хаагчид коронавирусийн тандалт, хариу арга хэмжээний багт ажиллахаар болсон. Өнөөдрийн байдлаар 119 төрийн албан хаагч хариу арга хэмжээний багт ажиллаж байна. Хувийн машинтай, сайн дурын 39 жолооч мөн ажиллаж байгаа.
-Нийслэлийн хэмжээнд сүүлийн 24 цагт хэдэн тохиолдол бүртгэгдсэн бэ?
-Сүүлийн 24 цагт 3591 тохиолдол бүртгэгдэж, найман хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 6429 иргэн хэвтэн эмчлүүлж, тусгаарлах байранд 330 хүн, гэрээр 28.023 иргэн эмчлүүлж байгаа.
-Сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулиудад халдвар ямар байна вэ?
-Сургууль бүрд сургалтад хамрагдсан тандалтын баг ажиллаж байгаа. Аравдугаар сарын 13-ны мэдээгээр нэг сургууль, нэг цэцэрлэг бүрэн цахимд, мөн нэг сургууль, нэг цэцэрлэг хагас цахимд шилжсэн. Сүүлийн 24 цагийн байдлаар цэцэрлэгийн 11 хүүхэд, 17 багш, есөн ажилтан, ерөнхий боловсролын сургуулийн 117 сурагч, 43 багш, долоон ажилтан халдвар авсан нь батлагджээ.
Бид вирусийн эсрэг эмийн нөөц, хангалтын судалгааг гарган ажилладаг. Нийслэлийн хэмжээнд 24 цагаар болон уртасгасан цагаар ажилладаг эмийн сангуудын мэдээллийг “Нийслэлийн мэдээ” пэйж хуудсанд байршуулсан. Өнөөдрийн байдлаар нийт 28 эмийн сан уртасгасан цагаар, есөн эмийн сан 24:00 цагаар ажиллаж байна. Эдгээр эмийн сангийн утас, байршлын мэдээллийг “Нийслэлийн мэдээ” пэйж хуудаснаас авч болно.
-“Ковид-19”-ийн дараах сэргээн засах эмчилгээний талаар мэдээлэл өгнө үү?
-Коронавирусийн халдварын дараах сэргээн засах эмчилгээ тулгамдсан асуудал болоод байна. Сэргээн засах эмчилгээний удирдамж заавар гарах ёстой. Төрийн болоод хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд зааврын дагуу тусламж, үйлчилгээ үзүүлэх бэлтгэл ажлаа хангасан. Эрчимт эмчилгээ болон бусад нэгдсэн эмнэлгээр эмчлүүлж байгаа өвчтөнүүд сэргээн засах эмчилгээг эмгэг жамын эмчилгээтэй зэрэгцүүлэн аль болох эрт эхлүүлэх нь үр дүнтэй. Эмнэлэгт байхдаа сэргээн засах эмчилгээ хийлгэсэн ч гэрээр мөн эмчилгээ хийлгэх ёстой. Сэргээн засах эмчилгээнд тэд хоногийн курс гэсэн хугацаа заахгүй. Нийгэм болон гэр бүлд түшиглэн урт хугацаанд эмчилгээг хийх хэрэгтэй.
-Оюутны байранд халдварын тохиолдол бүртгэгдвэл ямар арга хэмжээ авах вэ?
-Бид боловсролын байгууллага хариуцсан мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллаж байгаа. Оюутны байранд халдварын тохиолдол батлагдвал тусгайлан түр хяналт хийх, бусдаас тусгаарлах тасаг нээн, халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байна. Халдвар авсан оюутнуудын зарим нь гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байгаа. НЭМГ нийслэлийн иргэдийн тусламж, үйлчилгээг хариуцан ажилладаг байгууллага. Бид аль болох богино хугацаанд олон хүнийг дархлаажуулалтад хамруулж, технологи горимыг баримталж ажилладаг. Дархлаажуулалтын цэгүүд зөвхөн бямба гарагт 15:00 цаг хүртэл, ажлын таван өдөр 17:00 цаг хүртэл ажиллаж байгаа.
Н.Сугар: Энэ долоо хоногт гэрийн нас баралт бүртгэгдээгүй
НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар: -Өдөрт дунджаар 720 хүн эмнэлэгт хэвтэж, 670 хүн эмнэлгээс гарсан байна. Энэ нь орны эргэлт удаашралтай байгааг харуулж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт 6443 хүн хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар 6429 хүн болж буураад байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн тоо буурч байгаа ч хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Хүнд өвчтөнүүдийн тоо 1458 байсан бол өнөөдрийн байдлаар 1522 болж нэмэгдсэн. Энэ долоо хоногт гэрийн нас баралт бүртгэгдээгүй. Нэмэлт тунд 189.317 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих иргэдийн 17.6 хувь юм. Мөн 1412 оюутан III тунгийн вакцинд хамрагдсан. Нэмэлт дархлаажуулалтад хамрагдсанаар халдвар авч байна гэдэг ташаа мэдээлэл. Тиймээс та бүхэн дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж халдварын эрсдэлээс өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ хамгаалаарай.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС