Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашийг буулгах, газрын зөрчилтэй байршлуудын эзэмших эрхийг цуцлан, нийтийн эдэлбэр газарт бүртгэх, бүтээн байгуулалт, ногоон байгууламж хийх ажил үргэлжилсээр байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Голден парк” хотхоны орц, гарцын хэсгийн авто замын нөлөөлөлд өртсөн зөвшөөрөлгүй тоосгон гарааш, чингэлгүүдийг буулган, авто зогсоол, авто замын ажлыг хийж буй. Дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд “Голден парк” хотхоны ард, нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан 43 гараашийг буулган, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авто зогсоол, хоёр эгнээ зам барих ажлыг гүйцэтгэж байна. Тус 25 дугаар хороо 3131 өрхтэй бөгөөд 12 мянга гаруй оршин суугчтай аж. Нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан гараашнаас болж тус орчмын хотхонууд руу түргэн тусламж болон галын машин орох боломжгүй байжээ.
ӨМНӨ НЬ ОДОО25 дугаар хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Алтанцэцэг “Голден парк-1” хотхоны ард байрлах 43 гараашийг буулган, газрыг чөлөөлснөөр хоёр эгнээ авто зам, авто зогсоол, гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолойг цогцоор нь шийдэж байна. Өмнө нь тус хотхонууд руу орж, гарахад хүндрэлтэй, оршин суугчид маш бухимдалтай байдаг байсан. Уг хэсгийн газрын зөрчлийг арилган, бүтээн байгуулалт хийж байгаад 25 дугаар хороо, тэр дундаа “Голден парк” хотхоны оршин суугчид маш сэтгэл хангалуун, хүлээлттэй байгаа” гэв. “Голден парк” хотхоны оршин суугчид ч хотхон руу орох орц, гарц хүндрэлтэй байсныг хэлээд тус бүтээн байгуулалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.
Гарааш чөлөөлсөн байршилд 1.5 метр өргөнтэй явган хүний зам, хоёр урсгалтай авто зам, 120 машины авто зогсоол, борооны ус зайлуулах шугамын бүтээн байгуулалтууд хийж байна. Одоогийн байдлаар борооны ус зайлуулах шугамын ажил 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ долоо хоногтоо багтаан дуусгахаар төлөвлөсөн тухай гүйцэтгэгчээр ажиллаж буй “DYKB” ХХК-ийн замын инженер А.Мөнх-Эрдэнэ ярьж байв.
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “2021 онд нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан 500 орчим тоосгон гарааш, төмөр чингэлгийг буулган, тохижилтын ажлыг хийж байгаа. Гараашнуудыг буулгахдаа эзэмшигчдэд нь хоёр болоод түүнээс олон удаагийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. “Голден парк” хотхоны газар чөлөөлөлттэй ижил төстэй хэд хэдэн байршлууд бий. Тухайлбал, дөрөвдүгээр хорооны Арктай шар байрны урд буюу 20 дугаар сургуулийн хойно нийтийн эдэлбэр газар зөвшөөрөлгүй барьсан 53 тоосгон гараашийг буулган, хоёр эгнээ авто зам, явган хүний зам, ил зогсоолын хучилт, тохижилтын ажлыг хийж дуусгасан. Мөн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингүнжавын гудамжийг Амарсанаагийн гудамжтай холбох 0.96 км авто замын нөлөөлөлд өртсөн 50 тоосгон гараашийг буулгасан. Ийнхүү авто замын зорчих хэсгийн өргөнийг зургаан метр хүртэл тэлж, хоёр метр өргөнтэй явган хүний замыг шинээр тавин, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүллээ. Мөн 10 дугаар хорооны 141 дүгээр цэцэрлэгийн урд байрлах 57 тоосгон гарааш, нэг хүнсний мухлагийг чөлөөлөн хорооны цогцолбор барилгыг барихаар төлөвлөж байна. Уг барилгыг барьснаар төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар хорооны оршин суугчдад хүрч ажиллах боломж бүрдэх юм” хэмээв.
ӨМНӨ НЬ ОДОО Арктай шар байрны урд талИйнхүү нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан, хуучин тоосгон гараашийг буулган, нийтийн эдэлбэр газрыг иргэдэд хүртээмжтэй байдлаар тохижуулах, иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх ажил үргэлжилсээр байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС