Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргаж, албан ёсоор нээлтээ хийсэн билээ. Үүнтэй холбогдуулан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг албан ёсоор нээж, төрийн байгууллагууд түүчээллэн оролцож, энэ үеэр БОАЖЯ-ны харьяа Ойн судалгааны хөгжлийн төвийн ургуулсан 10000 мянган ширхэг суулгацыг 4 байршилд тарьжээ.
“Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртсөн тооцоо, судалгаа бий. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлбэл, цөлжилтөд өртсөн талбайг 4 хувиар бууруулна. Иймд Мод тарих үндэсний хөтөлбөрийн хүрээнд хувь хүн, албан байгууллагуудад татварын хөнгөлөлт үзүүлэх, урамшуулал олгох эрхзүйн орчныг бий болгох, ойжуулалтын төсөв, тооцооллыг зөв гаргах тарьсан модны арчилгаа, цаашид ургуулах менежментийг давхар шийдэх зэрэг нь энэ ажлыг үр дүнтэй болгоход ихээхэн ач холбогдолтойг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан онцоллоо.
Манай орны нийт газар нутгийн 7.9 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдаг. Үүнийг 2030 он гэхэд 9 хувьд хүргэх үндсэн зорилтыг тодорхойлж, хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор бууруулах тооцооллыг урьдчилсан байдлаар гаргасан байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2030 он хүртэл бэлтгэл, эрчимжүүлэх, тогтвортой орчноо үргэлжлэх гэсэн гурван үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлнэ.
Тэрбум мод тарьж, ургуулах зорилт хэрэгжихгүй бүрэн боломжтой. Гол нь эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн, туршлага зэргийг харгалзаж, бодитой, үе шаттай ажиллах хэрэгтэй. Мөн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, бүтэц бий болгох шаардлагатайг салбарын эрдэмтэд, мэргэжилтнүүд онцолж байна.