Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд саналаа өгөөрэй

Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд хийж гүйцэтгэсэн. Үүнээс хойш 1961, 1976, 1986, 2002, 2013 онд гээд нийт зургаан удаа хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан юм.

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орсноос хойш Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын архитектор, инженерүүд боловсруулж, Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолоор баталсан. Тус ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад нийслэлийн хүн ам, эдийн засаг, газрын харилцаанд томоохон өөрчлөлтүүд гарсны улмаас тодотгол хийх шаардлага бий болж,  “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг боловсруулж, Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлуулж, нийслэлийн хэмжээнд мөрдөн ажиллаж байна. Дээрх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжих хугацаа албан ёсоор дуусаж байгаатай холбогдуулан Улаанбаатар хот цаашид хэрхэн хөгжих вэ гэдгийг иргэд, олон нийт, мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын оролцоонд тулгуурлан тодорхойлох үүднээс Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах нээлттэй уралдааныг зохион байгуулсан. Уралдаанд ирүүлсэн шилдэг, шинэлэг санаануудад үндэслэн үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулж, 2020 онд Монгол Улсын Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж дэмжсэн.

Тус үзэл баримтлалын дагуу Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2020 оны аравдугаар сараас эхлэн боловсруулж, төрийн бус байгууллага, Шинжлэх ухааны академи, их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаач 1200 гаруй хүнийг хамарсан цахим хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан. Үүнээс гадна яамд, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас санал авч, зөвшилцөх үйл ажиллагаа үргэлжилж байна.

Хот байгуулалтын тухай хууль, “Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журам”-ын дагуу Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд 2021 оны есдүгээр сарын 29-нээс аравдугаар сарын 29-ний хооронд нэг сарын хугацаанд иргэд, олон нийтээс санал авах юм. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох хариуцлагатай үйл ажиллагаанд иргэн таны санал, оролцоо нэн чухал юм. Иймд иргэн та https://www.ulaanbaatar2040.mn/ вэб хуудас,

https://ulaanbaatar2040.mn/p/166/sanal-xuselt, https://www.facebook.com/UB2040, https://twitter.com/Ulaanbaatar2040, https://www.instagram.com/ulaanbaatar2040/,

https://www.youtube.com/channel/UC-SAZrRjAPJTvnOixYPUNeA зэрэг олон нийтийн цахим сүлжээний хэрэгслүүд болон харьяа хороогоороо дамжуулан Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн талаарх мэдээллийг авч, саналаа өгөөрэй.

Нэмэлт мэдээллийг 94442040 дугаарын утаснаас лавлана уу. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ