ШХАБ-ЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНД МОНГОЛ УЛС АЖИГЛАГЧ СТАТУСТАЙГААР ОРОЛЦОВ

Бүгд Найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотод 2021 оны 9 сарын 16-18-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн уулзалт, хуралдаан амжилттай болж өнгөрлөө. Энэхүү хуралдаанд тус байгууллагын гишүүн Энэтхэг, Казахстан, БНХАУ, Киргиз, Пакистан, ОХУ, Тажикистан, Узбекистан, ажиглагч Беларусь, Иран, Монгол Улсын төлөөлөгчид, мөн Туркменистан Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцов. Хуралдаанд Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бие төлөөлөгчөөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Душанбе хотноо очиж оролцлоо.

Тус уулзалт хуралдааны хоёр дахь өдөр буюу 9 сарын 17-нд д Душанбе хот дахь “Кохи Навруз” ордонд зохион байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг нээж Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ 2001 онд байгуулагдсан ШХАБ цаг хугацааны шалгуурыг амжилттай даван туулж, өдгөө 20 жилийн ойтой залгаад байна. Өнгөрсөн 20 жилийн түүхэн цаг хугацаанд ШХАБ нь гишүүн орнуудынхоо ашиг сонирхлыг хүндэтгэсэн, бүс нутгийн эдийн засгийн болон бусад олон талт хамтын ажиллагааны үр дүнтэй механизмыг төлөвшүүлэн ажиллаж байгааг онцлов. Хуралдаанаар ШХАБ-ын 20 жилийн үйл ажиллагаа, өнөөгийн байдал болон байгууллагын хүрээн дэх олон талт хамтын ажиллагааны хэтийн төлөвийг дүгнэж, “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй хямралыг хэрхэн даван туулах талаар хэлэлцэж, мөн бүс нутаг болон дэлхий дахинд тулгамдаж буй асуудлууд, тэр дотроо Афганистан Улсад үүсээд буй нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй хэлэлцэв. ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд манай улсын хувьд ажиглагчийн статустай оролцож байгаа бөгөөд Монгол Улсыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус хуралдаанд цахимаар үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улс эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, цөлжилттэй тэмцэх, элсний нүүдлээс хамгаалах, шар шороон шуурганы нөлөөг бууруулах чиглэлээр бүс нутгийн хэмжээнд нягт хамтран ажиллаж, холбогдох уулзалт, арга хэмжээг өөрийн орондоо хүлээн авч зохион байгуулахад бэлэн байгааг дурьдаад Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр логистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол Улс” болох зорилт тавьж байгааг мэдэгдлээ.

Хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш нар мөн цахимаар оролцов. Хуралдааны дүнд байгууллагын 20 жилийн үйл ажиллагааг дүгнэсэн “Душанбегийн тунхаглал” болон холбогдох бусад баримт бичгүүд батлагдав. 2022 онд ШХАБ-ын Төрийн тэргүүнүүдийн уулзалт, хуралдааныг Узбекистан Улс даргалан зохион байгуулахаар тогтжээ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ