ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И-ТЭЙ УУЛЗАВ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан есдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Душанбе хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн уулзалтад оролцох үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзлаа. Уулзалтын үеэр талууд Ковид-19 цар тахлын нөхцөлд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг голлон ярилцав.

Шадар сайд С.Амарсайхан цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд БНХАУ-аас үзүүлсэн вакцины дэмжлэг ихээхэн тус нэмэртэй болсныг онцлон тэмдэглээд, хоёр талаас сүүлийн үед ярилцаж буй хилийн боомтуудаар ачаа бараа эргэлтийг түргэсгэх, нүүрсний экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, Тяньжин боомтод хуримтлагдсан чингэлэг тээврийн бөөгнөрлийг бууруулах зэрэг асуудалд бодит ахиц гаргахад анхаарал хандуулахыг хүсэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И БНХАУ цаашид ч вакцин болон санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгаа. Мөн Тяньжин боомтод хуримтлагдсан чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах, хилийн боомтуудаар ачаа бараа эргэлтийг түргэсгэх асуудалд Хятадын талаас үргэлжлүүлэн анхаарал хандуулахаа илэрхийлэв. Талууд түүнчлэн ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засаг, дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцов. Энэ онд ШХАБ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахимаар оролцож, Шадар сайд С.Амарсайхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бие төлөөлөгчөөр оролцож байгаа юм.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ