Коронавирусний вакцин тариулаагүй хүмүүс халдвар авсан нөхцөлд вакцин тариулсан хүмүүстэй харьцуулахад нас барах тохиолдол нь 11 дахин их байна гэж АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн судалгаанаас иш татан “Вашингтон пост” сонинд мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, эмч нар коронавирусний халдвар авсан 600 мянган хүний эрүүл мэндийг ажиглаж, вакцин тариулаагүй хүмүүст халдвар хүндэрч эмнэлэгт хэвтэх тохиолдол нь 10 дахин их байна гэж дүгнэсэн байна. Мөн дархлаажуулалт үр дүнтэй гэдгийг судалгаа бүр баталж байна хэмээн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захирал Рошель Валенски мэдэгджээ. Түүнчлэн ахмадуудын дунд явуулсан судалгаагаар, mRNA вакцин тариулсан хүмүүсийг вакцинд хамрагдаагүй хүмүүстэй харьцуулахад эмнэлэгт хэвтэх магадлал 86.8 хувиар бага байгаа нь тогтоогдсон байна. Гэсэн хэдий ч өндөр настай хүмүүсийн вакцины нөлөө буурч эхэлсэн тул дахин зайлшгүй дархлаажуулах шаардлагатай байгаа нь мөн судалгаагаар батлагджээ. mRNA вакцины Дельта хувилбараас хамгаалах байдал 65 болон түүнээс дээш настай хүмүүст 79.8 хувьтай байсан бол 18-64 насныхны 95.1 хувь байгаа аж. АНУ халдварын тохиолдол болон нас баралтаараа дэлхийд нэгдүгээрт бичигдсэн хэвээр байгаа юм. Дархлаажуулалт төдийлөн хангалтгүй байгаа учраас тус улсад эхний ээлжинд эмч, цэргийн албан хаагчдыг албан журмаар вакцинд хамруулсан бол одоо төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг ажилтнуудаа вакцинд хамруулахыг шаардсаар байгаа юм.
Анх Ухань хотод дэгдэж, дэлхий даяар тарсан хувилбараасаа хэд дахин хүчтэй болсон цар тахлын “SARS-cov2” вирусийн Дельта хувилбар олон улсад шинэ тахал мэт тархаж, олон улсыг айдаст автуулсаар байгаа билээ. Анх Энэтхэгт үүссэн уг хувилбар цаашид дангаараа зонхилж болзошгүй болоод буй. Эрдэмтдийн мэдээлснээр энэ хувилбар бидний мэдэх өмнөх хувилбараасаа хэд дахин илүү хөнөөлтэй тул улс орнууд онцгой анхаарал хандуулан бүх боломжоороо тэмцэж, хөл хорио тогтоож, вакцины гурав дахь тунг яаравчилж эхлээд байгаа билээ. Ялангуяа цар тахлын эсрэг амжилттай тэмцсэн Азийн Филиппин, Тайланд, Вьетнам тэргүүтэй улс Дельта хувилбарын халдварт онцгой анхаарал хандуулж байна. Тэр байтугай Австрали, Шинэ Зеландад халдварын ганцхан тохиолдол бүртгэгдмэгц хатуу хөл хорио тогтоосон билээ. БНСУ аравдугаар сарын эцэс гэхэд цар тахалтай дасан зохицох боломжтой болно гэдгээ мэдэгдсэн байна. Аравдугаар сард тус улсын өндөр настнуудын 90 хувь, насанд хүрэгчдийн 80 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан байх тооцоотой байгаа ажээ. Харин Японы хувьд Токио зэрэг хэд хэдэн бүс нутагт тогтоогоод байгаа онц байдлын дэглэмээ есдүгээр сар дуустал сунгахаар төлөвлөж байгаа талаар “Asahi” сонинд мэдээлжээ. Харин Израилийн Засгийн газар иргэдээ вакцины гурав дахь тунд хамруулахад анхаарч байна. Тус улсад нэг өдөрт 100 мянга гаруй иргэн вакцинд хамрагдаж байгаагийн олонх нь гурав дахь тунгаа хийлгэж байгаа ажээ. Вакцинжуулалтын явцаараа тэргүүлж байсан Израиль одоогоор КОВИД-19-ийн халдварын томоохон голомт болоод байна. Халдварын тархалт нэмэгдэхэд “Дельта” хувилбар нөлөөлж байгаа ажээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН https://www.washingtonpost.com/health/2021/09/10/moderna-most-effective-covid-vaccine-studies/?fbclid=IwAR3s0juh0UDNwehHPhTfo3tb3mfFmICZYQVKYfpnnbine5XSC11Jd3ZHGOc