Хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг 25 байршилд зохион байгуулж байна

Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, дархлааг дэмжих, нөөцлөх, нөөшлөх боломжийг бүрдүүлэх зорилгоор Хотын дарга “Алтан намар” хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулах 24 байршлыг баталсан юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 25 байршилд долоон аймгийн 191 ногоочин үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Дээрх томоохон 25 байршлаас гадна хүсэлт гаргасан ногоочдод дүүргүүдийн Хүнс, худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс нэмэлт цэг гарган, ногоо худалдаалах боломжийг олгон ажиллаж байгаа юм. Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын талбайд байрлах “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд л гэхэд Ховд, Сэлэнгэ аймгаас ирсэн 15 ногоочин 21 төрлийн шинэ ургацын төмс, хүнсний ногоо болоод таримал жимс, даршилсан ногоо худалдаалж байв.

Ногоочид: Үйлчлүүлэгчид ам сайтай, заавал дахин ирж ногоо авч байна

Ховд аймгаас үзэсгэлэнд худалдаанд оролцож буй ногоочин Г.Отгонсүрэн “Нийслэл олон хүний хөлийн газар болохоор орон нутагт ногоогоо борлуулахаас хамаагүй дээр байгаа. Орой ажил тарах цагаар үйлчлүүлэгч нэмэгддэг. Ногооны үнийн хувьд тээвэрлэж байгаа зардлаа нэмээд л боломжоороо худалдаалж байна. Баянзүрх дүүргийн зохион байгуулагч нар байнгын эргэх холбоотой ажиллаж, түрээслэгч бидэнд маш их анхаарал тавьж байгаа. “Хог цэвэрлэгээ болоод ариун цэврийн асуудал ямархуу байна” гэх мэтээр байнга ирж санал асуун, олон талаар дэмжиж байгаад нь баярлаж байна” хэмээн ярьж байлаа.

Сэлэнгэ аймгийн ногоочин С.Мөнгөнцэцэг “Манай лангуун дээр зарагдаж байгаа ногоонууд Баруунхараагийнх. Монгол ногоо гэдэг утгаараа хүмүүс ам сайтай, худалдан авалт ч сайн байна. Биднээс төлбөр, түрээс огт авахгүй байгаа болохоор бид ногоогоо хямд зарахыг хичээж байгаа. Төмс нэг кг нь 500 төгрөг, байцаа кг нь 1000 төгрөгөөр зарж байна. Хамгийн үнэтэй ногоо гэвэл бидний өөрсдийн тарьсан хулуу кг нь 3500 төгрөгөөр борлуулагдаж байгаа” гэв.

Мөн “Манайх Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараад тарьж, ургуулсан хүнсний ногоогоо худалдаалж байна. Үйлчлүүлсэн хүн бүр худалдаж авсан ногоондоо сэтгэл хангалуун байгаа бөгөөд заавал дахиж үйлчлүүлнэ ээ гээд явдаг. Тэгж хэлсэн хүн бүр эргэн ирж ногоо авч байна. Мөн манайх даршилсан ногоонууд худалдаалж байгаа. Мөөгтэй лечо, хүрэн манжин, лууван, байцайны салат болоод өргөст хэмхийг гурван сарын өмнөөс даршилсан. Үнийн хувьд 4000-8000 төгрөгийн хооронд худалдаалж байна” гэж Б.Амгаланбаатар ярилаа.

Б.Номингэрэл: Ногоочдоос түрээс авахгүй байгаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн Хүнсний хангамж, үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Номингэрэлээс “Алтан намар” үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтын талаар зарим зүйлийг тодруулав.

-Үзэсгэлэн худалдаанд оролцож буй түрээслэгч, ногоочдоос түрээсийн төлбөр авч байгаа юу?

-Хөдөө, орон нутгаас ирсэн ногоочид, түрээслэгчдээс ямар нэгэн төлбөр, түрээс авахгүй байхаар зохион байгуулж байна. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн Жуковын талбай дахь түрээслэгчдийн гаргасан хог тээвэрлэлтийг тус дүүргийн ЗДТГ-аас шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний компаниас хог тээвэрлэлтийг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд түрээслэгчдээс хогны мөнгө огт авахгүй байгаа. Түрээслэгчид өөрсдөө асар майхнаа зохицуулж байгаа бол хаягжуулах асуудлыг дүүргээс нэгдсэн журмаар хийж байна. Харин Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны 1000 машины зогсоол дахь байршлын хувьд хамгийн олон буюу 69 ногоочин байршсан байгаа. Тиймээс хог, цэвэрлэгээний мөнгө болоод био 00-ийн ашиглалтын зардалд лангуу бүрээс сарын 5-10 мянган төгрөгийн төлбөр авахаар зохицуулалт хийсэн. Гэхдээ одоогоор мөнгө хурааж аваагүй байна.

-“Алтан намар” үзэсгэлэн худалдаанд шинээр оролцох ногоочид хаана бүртгүүлэх боломжтой вэ?

-Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас аймгуудтай байнгын холбоотой ажиллан, тогтмол судалгаа гаргадаг. Хөдөө, орон нутгаас орж ирэх ногоочдын 50 орчим хувь нь үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа. Есдүгээр сарын дунд үеэс ногооны болц сайжирдаг учир тэр үеэс эхлэн үлдсэн ногоочид хотод орж ирэх төлөвтэй байна. Иймд нийслэлийн зүгээс бэлтгэл ажлаа сайтар ханган ажиллаж байгаа.  Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан 25 байршлаас гадна байр, хорооллынхоо ойролцоо ногоо худалдаалах хүсэлтэй бол харьяа дүүргийнхээ Хүнс, худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд хандан хүсэлтээ гаргах боломжтой. Мэдээж ямар нэгэн төлбөр, хураамж авахгүй.

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ болоод Стандарт, хэмжил зүйн газраас ногоочдын жин хэмжүүрийг баталгаажуулах, хүнсний ногооноос дээж аван, шинжлэх ажлыг эхлүүлээд байсан. Тус ажлын явц, үр дүн гарсан уу?

-“Ковид-19” халдварын улмаас иргэн, аж ахуй нэгжүүд санхүүгийн хүндрэлүүдтэй тулсан. Иймд нийслэлийн зүгээс бизнес эрхлэгчдээ дэмжих бодлогыг барьж байгаа. Энэ хүрээнд НМХГ Стандарт, хэмжил зүйн газартай хамтран ногоочдын жин хэмжүүрийг үнэ төлбөргүй баталгаажуулах, хүнсний ногооноос дээж аван, шинжлэх ажлыг хийсэн. Нийт 65 аж ахуй нэгж, хувь иргэний хүнсний ногооноос дээж аван шинжилсэн бөгөөд эхний ээлжид 20 дээжийн хариу эрүүл ахуйн шаардлага хангасан гэж гарсан байна. Үлдсэн 45 дээжийн хариу энэ долоо хоногтоо гарах төлөвтэй байгаа.

-Хүнсний ногооны үнэ ханш ямар байна вэ. Зохион байгуулагчдын зүгээс үнэ тогтоох эрхтэй юу?

-Зохион байгуулагчдын зүгээс үнэ тогтоох боломжгүй. Үзэсгэлэн худалдааны байршил, түрээслэгчдийн тоо болоод гарал үүслээсээ шалтгаалан үнэ ханш өөр өөр байна. Гэхдээ дундаж үнэ 100-200 төгрөгийн зөрүүтэй байгаа нь судалгаагаар гарсан гэв.

Баянзүрх дүүргийн хэмжээнд хүнсний ногоо худалдан борлуулж байгаа ногоочдоос түрээсийн төлбөр, цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийн мөнгө авахгүй байгааг зохион байгуулагчид болоод ногоочид хэлж байлаа.  Үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй худалдаачдад цөөн хэдэн шалгуурыг тавьж байгааг тус дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Л.Бадамханд хэлж байв. Тодруулбал, худалдаалж буй ногооны гарал үүслийн бичиг, дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан гэрчилгээ зэргийг үндэслэн үзэсгэлэн худалдаанд оролцох мандат олгож байгаа аж. Тус дүүргийн Засаг дарга нэмэлтээр 28 хорооны 30 байршилд ногоо худалдаалах цэг гаргасан бөгөөд долоо хоногт нэг удаа ариутгал, халдваргүйжүүлэлтийг үнэ төлбөргүй хийж байгааг зохион байгуулагчид онцолж байлаа.

"Алтан намар" хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа байршлууд

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ