Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 50 гаруй цэцэрлэг, сургуулийн дулаан хангамжийн системийг хийн болон цахилгаанаар сольж, шинэчлэхээр ажиллаж байна. ХУД-ийн алслагдсан ерөнхий боловсролын 59 дүгээр сургууль, 190 дүгээр цэцэрлэгийн халаалтын системийг шинэчлэх ажлын гүйцэтгэлийг шалгалаа. Ажлын явц 90 хувьтай байна.
Цахилгаан халаалтыг Монгол орны эрс тэс уур амьсгал болон техникийн нөхцөлд тохируулан БНСУ-д үйлдвэрлэсэн. Иймээс өвлийн улиралд доголдолгүй ажиллах боломжтой. Халаах температурт хүрсний дараа, хэрэглэх гүйдэл нь тогтворждог. Дулаан ялгаруулалтынхаа 80-90 хувийг орчиндоо өгч, өрөөний агаарын температурын тархалт нь өндрийн дагуу жигд байх тул эрчим хүчний хэрэглээг нь 20-30 хувиар хэмнэдгийг гүйцэтгэгч тал онцолж байна.
Нам даралтын зуухыг цахилгаан халаагуураар сольсноор ЕБС, цэцэрлэгүүд нүүрс агуулах сав, үнс хаях цэг зэрэг агаар хөрсний бохирдол үүсгэдэг байсан талбайг ашиглан мод, зүлэг тарьж, ногоон байгууламжтай болох боломжтой.
Сар бүрийн нүүрс, түлшний зардлаас гадна тээвэрлэлт, ажиллах хүчний зардлыг хэмнэж, орчны бохирдол багассан гээд эерэг тал олон байгааг сургуулийн хамт олон дурдлаа.
59-р сургууль нь 2016 онд ашиглалтад орсон. Бага, дунд ангийн өргөтгөлтэй 7 ангитай, 210 хүүхдийн багтаамжтай. Хичээлийн шинэ жил эхлэхэд орчны бохирдолгүй, дулаан анги, танхимтай сурагчдаа хүлээн авахаар бэлтгэж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам