Ажлын хэсгийн мэдээллийг сонссоны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ автозамын түгжрэл дан ганц Зам тээвэр хөгжлийн яамны асуудал биш болсон. Улаанбаатар хотод өнөөдөр 500 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна. Үндсэндээ, 150 мянган автомашинаар автозамын даац хэтэрчихсэн. Жилд худалдаж авч байгаа автомашины тоо 80-90 мянга. Түгжрэл ярвигтай асуудал болсон гээд ажлын хэсгийнхэнд хэд хэдэн асуудлыг судалж, танилцуулах үүрэг өглөө. Тодруулбал:
- Нийтийн тээврийн менежментэд хувийн хэвшилтэй хамтрах ямар боломж байна вэ
- Улаанбаатар хотод хувийн машинд ээлтэй, дугуй, явган хүнд ээлгүй гэсэн судалгаа байна. Дугуйгаар зорчих, алхах боломжтой хувилбарыг дэмжсэн ямар шийдэл байж болох вэ. Судлах.
- Төрийн алба хаагчдын тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийг гаргах,
- Орон нутгаас ирж байгаа тээврийн хэрэгслийн зорилгыг тодорхойлох,
- Түгжрэлийн эсрэг үйл ажиллагааг төсвийн бодлогоор дэмжих арга замуудыг судлах,
- Хотоос нүүх шийдвэр гаргасан их, дээд сургуулиудад төсвийн дэмжлэг үзүүлэх,
- Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах асуудлыг судлах, цаг хугацааны хувьд хэзээнээс хэрэгжүүлэх боломжтой, үр дүнтэй эсэхийг судлах,
- Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг байх арга үр дүнтэй эсэхийг судлах,
- Хотын төвийн хэсэгт автомашин гадаа огт зогсдоггүй болгох боломж бий юү судлах,
- Сургуулийн автобусыг түрээслэх аргаар шийдвэрлэх боломжийг судлах,
- Төрийн алба хаагчдыг ажлын нэг өдөрт цахимаар ажиллуулбал үр дүнтэй эсэхийг судлах судлах,
- Хотын төвийн гол замуудыг нэг урсгалтай болгох, судлах,
- Түгжрэлийн эсрэг санаачилга гаргасан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулдаг тогтолцоог судлах,
- Худалдааны төвүүдийн цагийг зөрүүлэх,
- Хувийн болон төрийн байгууллагын ажлын цагийг зөрүүлэх,
- Дугаарын хязгаарлалт үр дүнтэй шийдэл байж чадах уу гэх зэрэг саналууд боломж, үр дүнтэй эсэхийг
судалж танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Мөн богино хугацааны шийдлээ ирэх баасан гарагт, дунд хугацааны шийдлээ ирэх долоо хоногт танилцуулахыг үүрэг болгосон юм.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар.