П.Баярмагнай: Хэдий чинээ ажилдаа сэтгэл гаргана, тэр хэмжээгээр хүний амьдрал урагшилдаг

Эх орон, ард түмнийхээ төлөө тангараг өргөөд 18 жил болж байгаа  ахлах ахлагч П.Баярмагнайг  энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа урьлаа. Тэрээр Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангид автын механикчаар ажилладаг юм.

  -Бусдын төлөөх сэтгэл бүхэн хэмжээлшгүй үнэ цэнийг бий болгодог. Энэ үнэлэмжийг бидний ажил илүүтэй ихээр олгодог юм шиг байна?

   Тийм шүү. Хүн болгонд л бусдын төлөө гэх сэтгэл байгаа. Гэхдээ тэр болгон илэрхийлээд, үнэлүүлээд байж чаддаггүй байх. Бид хэдий хийсэн ажлынхаа хөлсийг материаллаг хэлбэрээр авдаг ч материаллаг бус хэлбэрээр маш их хүндлэл, хайрыг ард түмнээсээ авч байдаг нь хамгийн сайхан. Энэ бол байгууллагын нэр төрөөр дамжин бидэнд олгогдож байгаа үнэлж боломжгүй том гавьяа. Түүнээс гадна бусдын төлөө гаргасан сэтгэл буцаад ирдэг гэдэгт би итгэдэг. Учир нь энэ байгууллагад амьдралаа холбосон алба хаагч бүрийн гэр бүл, үр хүүхэд сайн сайхан явж байгааг харах бахархал дүүрэн байдаг даа.

-Мөрөөдлөөрөө мэргэжлээ сонгосон хүн ажилдаа эзэн болж, түүндээ урамшин, урагшилдаг нь бичигдээгүй хууль ч юм уу?

   Таны хэлсэнтэй санал нийлж байна. Цэргээс халагдаж ирээд эр хүний хийх ёстой, хаших ёстой албаны нэг гэж зорьж энэ албыг сонгосон. Түүнээс хойш амьдралын хувьд ч баталгаажиж, мөрдэс нэгтнүүдтэйгээ үүргээ гүйцэтгээд 18 жил болсон байна.  Анх 2003 онд Хэнтий аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал унтраах 32 дугаар ангид гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхэлсэн. Харин 2009 онд Бор-Өндөр суманд Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги нээгдэхэд гал сөнөөгчөөр шилжин томилогдсноос хойш 12 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Гал унтраах автомашины  жолоочоор 2013-2019 онуудад, 2019 оноос хойш автын механикчаар ажиллаж байгаа.

-Гэхдээ хүн бүрт л шантрах тохиолддог гардаг шүү дээ. Хэрхэн даван туулдаг вэ?

   Хүний амьдралд зовлон бэрхшээлтэй зүйл олон тохиолддог. Тэр бүрт уужуу тайван ухаанаар хандахыг л хичээж ирсэн. Сэтгэл санаа тайван бус байх нь хэдхэн хормын л асуудал шүү дээ. Тэрхэн мөчийг л даваад сайн, сайхан бодлоор л өөрчлөхөд болох юм шиг санагддаг.

-Аймаг, орон нутгийн хувьд нэлээд онцлогтой. Олон хоногоор үүрэг гүйцэтгэх тохиолдол ч их байдаг байх?

      Тийм шүү. Хойд хэсгээрээ ой хээрийн, өмнөд хэсгээрээ тал хээрийн бүс  цонхилсон нутаг.  Ахуйн болон ой хээрийн түймэр, цасан болон шороон шуурга, үер, усны осол, малын гоц халдварт өвчин, зуд гээд л гамшиг, аюулт үзэгдэл гаргах эрсдэл өндөр. Харин Бор-Өндөр сумын хувьд ил болон газрын гүний уурхай, уул уурхайн үйлдвэрлэл хөгжсөн бүс нутаг. Үүнийгээ дагаад уул уурхайн нуралт, үйлдвэрлэлийн осол гарах эрсдэл өндөр. Мөн ахуйн гал түймрийн дуудлага зонхилдог.  Ой, хээрийн болон мал, амьтны гоц халдварт өвчний голомтод олон хоногоор үүрэг гүйцэтгэнэ. Хавар, намартаа гэрийн бараа бараг харахгүй, дуудлаганаас дуудлага дамжаад л явах тохиолдол их шүү.

 -Сүүлийн үед мэдлэг туршлага бус, тухайн хүний хандлагыг ажил олгогчид нэн тэргүүний шалгуурт тавьдаг болсон байна ?

 Мэдлэг, туршлага мэдээж чухал. Гэхдээ хэдий боловсролтой байлаа гээд ажилд хандах хандлага, хичээл зүтгэл чухал. Хүн  өөрөө хичээж байж сайн мэдлэг боловсрол олж авна. Алдаанаасаа суралцаж, өөрийгөө хөгжүүлж байж туршлагажина. Тиймээс тухайн хүний хандлага ямар байна вэ гэдгийг  анхаардаг  байх. Ер нь манай үе, үеийн дарга нар мэдлэг боловсрол гэхээс илүүтэй хичээл зүтгэлтэй, зөв хандлагатай байхыг зааж сургадаг байсан. Хэдий чинээ ажилдаа сэтгэл гаргана, тэр хэмжээгээр хүний амьдрал урагшилдаг.

– Таны албанд орж байсан үеийг одоо үетэй харьцуулбал?

 Гурван байгууллага нэгдэж, Онцгой байдлын алба байгуулагдаж байсан үед ажилд орж байлаа. Тухайн үед бүх зүйл шинэ, ажлын орчин нөхцөл өөр байсан. Түүнээс хойш нийгмийн баталгаа дээшилж, цалин хангамж, ажиллах орчин нөхцөл гээд маш их өөрчлөгдсөн. Жилээс жилд техникийн шинэчлэл ч их хийгддэг болсон байна.

-Онцгой байдлын байгууллага өдөр ирэх бүр залуусаар хүрээгээ тэлж байна. Залуустаа хандаж юу гэж хэлэх вэ?

   Ажиллах орчин нөхцөл, нийгмийн баталгаанд санаа зовох шаардлагагүй болсон учраас  өөрсдөө л хичээх хэрэгтэй. Зорилготой бай, Онцгой байдлын албан хаагч ирээдүйг  харж, байгууллагынхаа нэр төрийг өндөрт өргөх нь чухал. Өргөсөн тангарагтаа үнэн ч байгаарай гэж хэлмээр байна.

-Ажлаа нэгт тавчихаад гэр бүлээ орхигдуулаад байдаг сул тал бас ажиглагддаг?

 Гэр бүлийнхэн маань ч гэсэн хамтдаа тангараг өргөдөг юм шиг санагддаг ш дээ. Ажилтай үед арыг нь даагаад л үлдэнэ. Итгэл, сэтгэлээ чилээж, сайн сайхан, нэр төртэй ажил үүргээ гүйцэтгэх бүхий л боломжоор хангадаг. Би  Жаргалтхаан суманд төрж өссөн. Эцэг эхээсээ зургуулаа айлын том.  Айлын том гэдэг утгаараа дүү нартаа түшиг болж, зааж зөвлөж, өөрөөрөө үлгэрлэж зөв явахыг ямагт хичээдэг. Аав  маань нэгдэлд үхэр хариулдаг,  ээж маань саалчин байлаа. Аав, ээждээ тусалж малд явж, дүү нараа харж бага насаа өнгөрөөсөн. Ханьтайгаа 2005 онд гэр бүлж байлаа. Хоёр сайхан хүүтэй. Том хүү маань есдүгээр анги, бага хүү маань нэгдүгээр ангид сурдаг. Манай хүнийг З.Эрдэнэчимэг гэдэг. Цэцэрлэгийн багш мэргэжилтэй.

-Удахгүй Монгол цэргийн баяр болох нь. Танд болоод танай хамт олонд баяр мэнд дэвшүүлье?

Баярлалаа. Бүхий л тэмдэглэлт баяраар ихэвчлэн ээлжтэй таардаг. Сайхан л даа. Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаад ард талд нь зогсож байна гэдэг.  Ингээд Онцгой байдлын албаараа овоглодог бүхий л дайчин, эрэлхэг залуус, бүсгйүчүүддээ Монгол цэргийн өдрийн баярын мэндийг дэвшүүлье. Санаа бодол нь тэгш дүүрэн, мөрөөдөл хүсэл нь хичээл зүтгэлийнх нь шагнал болон биелэх болтугай.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ