Д.СУМЪЯАБАЗАР: ХАЛАМЖИЙН ШУНАЛТАЙ БИШ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ, ОРЛОГО ОЛОХ БИЗНЕСИЙН “ШУНАЛ БУЦАЛСАН” ХОТ БАЙГААСАЙ ГЭЖ БИ ХҮСДЭГ

Сэтгүүлч Б.Ганчимэгийн Нийслэлийн МАН-ын дарга, Улаанбаатар хотын захирагч Долгорсүрэнгийн Сумъяабазартай хийсэн ярилцлагаас онцлох 24 эшлэлийг хүргэж байна. Сэтгүүлч Б.Ганчимэг “Өвөрмөц шийдэл гаргачихаад, тэр бүр тохиолдохгүй онцгой нөхцөл байдлын үед хот хэмээх их айлыг удирдан ажиллаж буй түүнийг ямар нэртэй явж ирснийг бүгд мэднэ. Харин энэ удаагийн стандарт бус шийдвэрийнхээ араас ямар алдартай ирэх бол...” хэмээн ярилцлагаа эхэлжээ. Түүний асуултуудад Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэрхэн хариулсныг 24 эшлэлээр хүргэе.

Эшлэл 1

УИХ-ын гишүүнээс “бууна” гэдэг бол үнэндээ тийм амар шийдвэр биш. Ийм шийдвэрийг гаргах, хүлээн авахад надад үнэхээр амар байгаагүй. Миний амьдралдаа богино хугацаанд яах аргагүй тал талаас нь бодож гаргасан хамгийн хүнд шийдвэрийн нэг мөн байх. Шууд л хүнд хэцүүтэй нүүр тулж ковидын үеийн хямралд ажиллана, байнга шүүмжлэл бухимдал дунд явна гэдгээ мэдэж байсан ч “үүрэг хүлээсэн цаг”-т би хэзээ ч ухарч зайлахгүй шийднэ, зүтгэнэ гэсэн зарчмаа барьсан юм. Улстөрчийн хувьд гаргах шийдвэр бол хүнд. Карьер талаасаа яах аргагүй эрсдэл дүүрэн алхам шүү дээ.

Эшлэл 2

2013 оноос намын хотын асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллахдаа би өөрийнхөө үзэл бодлоор л явсан. Орхигдсон мянга мянган гишүүд дунд орж, нүцгэн үнэнтэй нүүр тулсан. Нам бол өлчир, хүчир гишүүдтэйгээ хамт явдаг. Тэднийгээ тэр үеийн хотын намын хороо хаячихсан байсан. Тэгээд тохуурхал шиг “Аз жаргалтай Улаанбаатар” гээд байж болохгүй биз дээИнгээд л “хотын фракц”-ынхантайгаа муудалцсан. Би уг нь юу юугүй зөрөлдөөд байдаг хүн биш. Ер нь л тэвчихийн аргагүй байсан. Намын анхан шатанд ажиллаж байгаа намын гишүүд тэр үед ууртай, эмоцитой, гомдчихсон байсан. Тэд нарт хүрч ажиллах, дуу хоолойг нь сонсож, тэр дундуур яваагүй бол би өөрөө ч хэн болж хувирах байснаа хэлж мэдэхгүй. Тэдний дуу хоолой гэдэг бол бодит амьдрал, хөрсний маань амьдрал. Тэр дундуур 152 үүрээр нэг бүрчлэн орсон. Тэнд маш их шүүмжлэл, маш их гомдол, маш их харуусал байсан.

Эшлэл 3

Магадгүй хэн нэгэн миний оронд ирсэн бол энэ цар тахлын үед яаж ажиллахыг таашгүй. Маш хүнд нөхцөл байдалд бид ажиллаж байна. Магадгүй олон талаасаа шахуулах байх. Эго ихтэй улсууд их байна, сонирхолтой улсууд ч их байна. Гэхдээ ажиллах, ажиллахаас өөр гарц байхгүй. Ковид-19 ороод ирчихсэн, хүнд нөхцөл байдал дунд ажил авсан. Бүгд харж л байна. Хэлэх ёстой. Хэцүү, мэдэхгүй зүйлүүд гарсан. Юуг нь нуух юм.

Эшлэл 4

Монголчууд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт анх удаагаа шилжсэн. Гэхдээ л ямар зорилтот бүлэг дээр ямар арга хэмжээ авах вэ гэдэг нь тодорхойгүй байдлаар энэ ажлууд явсан. Мэдээлэл хангалтгүй байсан. Мэдээлэл технологи, инновацийн салбарыг тэргүүн эгнээнд гаргаж ирээд энэ дээрээ байгууллагуудын мэдээллийн баазуудыг нэгтгээд цаашаа бүх юм явах ёстой. Одоо ажлууд нь үе шаттай хийгдээд явж байгаа. Ялангуяа e-mongolia гэж хөтөлбөр зарласан. Ингэж цаашдаа цахим бодлогын хүрээнд ил тод, нээлттэй, хариуцлагатай засаглал руу шилжиж байж нөгөө авлигын асуудал, өнөө хүнд суртлын асуудал цэгцэрнэ. Улсаараа бид цахим болох ёстой.

Эшлэл 5

Энэ хугацаанд суурь судалгаанууд дээр төвлөрч ажиллалаа. Нийслэл хотод тулгамдаад байгаа асуудлуудыг эрэмбэллээ, нарийвчилсан судалгаануудыг нэг бүрчлэн хийлээ. Нийт аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудтайгаа хамтын ажиллагааг эрчимжүүлж байна. 74 мянган өрхөд туслалцаа, дэмжлэг үзүүлээд явж байгаа. 10 мянган бага орлоготой өрхөд түлш үнэ төлбөргүйгээр нөхцөл зааж хүргүүлэн гал алдуулахгүй, дулаан байлгах ажлыг хүртэл зохион байгууллаа. Хаягдсан хэсэг маань хүнд байна. Бололцоог нээж, тэр олсон боломжоо иргэддээ бага ч гэсэн энэ хүнд үед хүргэх гээд ажиллаж байна.

Эшлэл 6

Бид орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрүүдийг гаргаж ирсэн. Үүнтэй уялдуулаад 87 тэрбум төгрөгийг гацчихсан байгаа орон сууцны компаниудад зохицуулж, орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгжүүдээ дэмжих орон сууцны бодлогоо хэрэгжүүлээд явж байгаа. Нэг ч ажлыг хойш нь тавихгүй гэж хичээж байна.

Эшлэл 7

Бүгд л маш хүнд үед ажилласан. Нийслэл бол өөрөө том айл. Тийм болохоор хэрэгжилт дээр нийслэлийн оролцоогүйгээр УОК-ын ажил явахгүй. Нийслэлийн Засаг даргын орой 23 цагт гаргасан шийдвэр өглөө 7 цагт Бат гуайн хаалган дээр очдог. Ийм хурдтай ажилладаг бүтэц бол нийслэл өөрөө байхгүй юу. Ямар ч яамтай, ямар ч албан газартай харьцуулахгүй онцгой бүтэц нийслэл дээр байдаг. Тэр хэмжээгээрээ ажлыг маш богино хугацаанд зохион байгуулахад нийслэлийн оролцоо туйлын чухал. Жишээ нь, хөдөө орон нутаг руу явсан иргэд, хөдөөнөөс орж ирсэн иргэдтэй холбоотой асуудал их гардаг шүү дээ. Шүүмжлэлээр нүдүүлээд л. Тэгээд яамдууд нь өөрсдөө ажлаа авсан. Таван төрийн нарийн бичгийн дарга ахлаад энэ ажлыг зохион байгуулах ажлыг авсан. Ингэж бөөн бужигнаан үүсгэчихээд сүүлд нь нийслэл рүү хаячихаж байгаа юм. Дараа нь хөдөөнөөс ирж байгаа иргэнтэй холбоотой асуудал ярихаар хариуцаж байгаа мэргэжлийн улс, яамд нь шийдвэр гаргана гэчихээд хүлээлгээд л байна. Ямар ч мэдээлэл өгөхгүй. Тэр нөгөө Баянгол дүүргийн эрүүл мэндийн ажилтан сандраад 20 хэдэн удаа, 60-аад удаа утасдсан гэж асуудал гарсан даа. Нэг ч утасдаагүй, НОК руу. Сандарсандаа тэгээд хэлчихсэн гэж байгаа юм. Тэгэхээр эрүүл мэндийн салбарын энэ тогтолцоонд асар их урхаг байна.

Эшлэл 8

Хөл хориог дахин сунгахгүй байх байр суурь баримталж байгаа. Энэ бүх хоригийн цаана иргэдийн амжиргааны чадавх, эдийн засгийн чадавх үндсээрээ унаж байхад гэртээ “Өлсөөд хэвт” гэж захиргаадаад байж болохгүй биз дээ, хотынхоо иргэдийг.

Эшлэл 9

Нэгжийн хуулийн 9.2 дээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн үндсийг тусгайлсан хуулиар тогтооно гэж оруулж өгсөн. Одоо яриад байгаа тулгамдсан асуудлыг цэгцлэх, хөрөнгө санхүү босгох, үүнтэй холбоотой бүх асуудлыг цэгцлэх реформын чанартай томоохон үзэл санаанууд суусан. Жишээ нь, ААНОАТ-ын 40 хувь тухайн орон нутагт үлдэхээр зааж өгсөн. Тооцоолоод харахаар, 800-900 тэрбум төгрөг нийслэлийн төсөв дээр ирэх болж байна. Дараагийн зүйл, үнэт цаас буюу бонд гаргах эрх. Гуравдугаарт нь концесс. Энэ гурвыг оруулж чадсан нь өөрөө энэ хотын хөгжил, тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэх гарцыг нээж байгаа юм.

Эшлэл 10

Цар тахлын хүнд үед гэлээ ч үндсэн ажлуудаа орхигдуулж болохгүй. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2025 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гээд маш олон хөтөлбөрүүд дээр ажиллаа. Үүний үндсэн дээр Улаанбаатар хот бол хүүхэд залуучуудын хот байх ёстой гэж томъёолсон.

Эшлэл 11

Улаанбаатар хот бол залуусын хот. Тэгэхээр тэр лүү чиглэсэн бодлого явуулж, энэ залуучуудынхаа сэтгэлийг эзэмдэж, тэдний дэмжлэгийг авахын төлөө зүтгэж байгаа. Тэдний хүсэж байгаа хотыг нь бүтээхийн төлөө бүх хүчээ зориул, ухаанаа уралдуул гэж би хамтран зүтгэгчдэдээ хэлдэг. Үүний тулд суурь реформуудыг хийж байж бид цаашаа явна. 1950, 1960, 1970-аад оныхны сэтгэл зүйгээр бодож Улаанбаатар хотыг төлөвлөхгүй. Ирээдүйн Z үе, альфа үеийнхэнд зориулсан хотыг босгох ёстой гэдэг чиглэл рүү хотын бодлого явах ёстой.

Эшлэл 12

Ногоон Улаанбаатар болгохыг зорино. Ногоон Улаанбаатар гэхээр нов ногоон өнгөөр л будаад байвал ногоон болох юм байна гэж бодож болохгүй. Ногоон гэдэг бол байгаль орчинд ээлтэй, илүү эрчим хүчээ хэмнэсэн, ухаалаг зохион байгуулалттай, эко үзэл баримтлал бүхий хотыг хэлж байгаа юм. Энэ болгоны ард олон улсын жишиг рүү алхсан хотын бодлого төлөвлөлт явна гэсэн үг. Агаарын бохирдлын хувьд гэхэд дан дизель түлшээр явдаггүй нийтийн тээвэртэй байх ёстой шүү дээ. Дизель, бензинээр явдаггүй такси үйлчилгээтэй болох ёстой. Эрчим хүчээр явдаг метротой байх ёстой. Хоёр давхар автобус нь явах ёстой. Цаашаа гудамж талбайн гэрлүүд нь стандартынх байх ёстой. Дээрээс нь 2000 кВт-аар тусдаг, нарны панелиар эрчим хүчээ авдаг, шон болгон вайрлестай ухаалаг хотын стандарт руу бид алхах ёстой.

Эшлэл 13

Барилгын ухсан нүхэнд ус дүүрээд хүүхэд унаж энддэг, ил задгай шугам яваад тогонд цохиулж нас бардаг ийм эмгэнэлтэй хэргүүдийг байхгүй болгох үүднээс бид аюулгүй, ээлтэй орчныг бүрдүүлсэн хот болох ёстой. Тийм учраас “Иргэдийн аюулгүй байдлын агентлаг” гэж байгуулах тухай ярьж байгаа юм. Энэ баг юу хийх вэ гэхээр ерөөсөө эрдэм шинжилгээ, тооцоо судалгааны ажил хийнэ. Улаанбаатар хотын эрсдэлтэй газруудыг судалж гаргаж ирээд, тэнд нь улаан туг хатгаад, GPS-ээр суулгаад энд өндөр эрсдэлтэй газар байна гэвэл очоод тэр орчныг аюулгүй болгож байдаг ийм агентлаг хотод зайлшгүй байх ёстой

Эшлэл 14

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины дундаж хурд 13 км/цаг. Үүнийг цааш нь 25 км цагийн хурдтай болгоод, 2030 он гэхэд 40 км/цагийн хурдтай болгох үе шаттай арга хэмжээ авна. Өглөө, оройдоо ажилтнаа зөөдөг систем рүү орох нь илүү үр дүнтэй юм байна гэдэг нь судалгаагаар гарчихсан байгаа. Түгжрэлийг бууруулах ажил бол зөвхөн автомашинтай ноцолдох асуудал биш юм. Дугаарын хязгаарлалт, буруу зөрүү руль биш юм байна. Төлбөрийн системтэй зохицуулалтыг бас хийх ёстой юм байна. Хот руу орж гарч байгаа энэ оролт гаралт бүгд хатуу хяналттай хамрагдах ёстой. Бид бүх тооцоо судалгааг хийгээд Ерөнхий сайдад танилцуулахад бэлэн болчихсон байгаа.

Эшлэл 15

Улаанбаатар хот хөрөнгө оруулалтыг татсан, гадаадын хөрөнгө оруулалтыг бурхны элч мэт хүлээж авдаг хот байгаасай. Хөрөнгө оруулагч нартай хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж байж хот тулгамдсан асуудлаа шийддэг, ухаалаг, инновацилаг, хөрөнгөтэй хот болно. Тиймийн тулд бид гаднын хөрөнгө оруулагчийг нүдэнд орсон өргөс мэт харахгүй. Бид тэдэнтэй хамтарч байж илүү шийдэлтэй, илүү дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлсэн хот болгохын төлөө зорьж ажиллана.

Эшлэл 16

Халамжийн шуналтай биш, хөдөлмөр эрхлэх, орлого олох бизнесийн “шунал буцалсан” хот байгаасай гэж би хүсдэг. Хувь хүн өөрөө ном үйлдвэрлэж болно. Ус үйлдвэрлэж болно. Буузаа хийж болно. Баншаа хийж болно. Тэр хүнийг ажиллах нөхцөлөөр нь бид сайн дэмжих ёстой. Хэдий болтол тавдугаар зэрэглэлийн гагнуурчин байдаггүй ээ гээд сууж байх юм бэ. Одоо хүнээ сургана. Ялангуяа дүүргүүд дээр жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвүүд байдаг. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрууд ч дүүрэг дээр байдаг. Тэгэхээр энэ рүү чиглэсэн бодлого, ялангуяа ажлын байрыг дэмжсэн бодлогыг хүч хаяж явуулах ёстой.

Эшлэл 17

Өө сэв хайсан, шантааж маягийн, далд утгаар авлига нэхсэн дарамт өөрөө манай хяналтын системийг нэр нүүр муутай болгочихсон. Тийм учраас энэ хөдөлмөр эрхлэх гэж байгаа, бизнес эрхлэх гэж байгаа, өөрсдөө төслөө боловсруулаад орлоготой болъё гэж байгаа иргэнд хоёрхон шаардлага тавина. Эрүүл ахуйн шаардлага, аюулгүй байдлын шаардлага хоёрыг л тавь. Бусдыг нь чөлөөлж өг. Энэ талаар Х.Нямбаатар сайдтай хэд хэд ярилцаад таарсан дүрэм журам, бас хууль боловсруулахаар бэлдэж байгаа.

Эшлэл 18

Би ганцаараа энэ хотын ажлыг дийлэхгүй. Тийм учраас надад чадварлаг, яг миний бодож байгаа өнцөг дээр ойлголцож чаддаг баг хэрэгтэй. Би юм хийх гэж л явж байгаа. Нялцганахгүй. Нялцганах юм бол би өөрөө байхгүй болно. Би өөрөө хэн ч биш болно. Би эргүүлгэнд ороод дуусна. Д.Сумъяабазар гэдэг нөхөр бол худалч, хулгайч юм байна гээд дуусгах байх. Би худалч, хулгайч биш бүтээлч, хөрөнгө оруулалт татсан, хөгжил рүү зүтгэсэн дарга байхыг л хүсэж байгаа.

Эшлэл 19

Газар чөлөөлөлтийн ажил дээр хот дээр мөнгө байдаггүй юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх гээд баахан мөнгө тавигдчихдаг. Тэгээд хот газраа чөлөөлөх гэхээр нөгөө хөрөнгө оруулалтаас нь хоёр дахин их зардал гардаг. Би бол газар чөлөөлөлтөд хангалттай мөнгийг нь тавьж өгөх ёстой гэдэг байр суурьтай. Яагаад гэвэл, дугаар хорооны иргэн Бат гуай газраа чөлөөлүүлэхийн тулд 35 сая байна уу, 40 сая төгрөгөө аваад газраа чөлөөлүүлээд, тэр мөнгөө орон сууц руу оруулах. Нэг ёсондоо хот бол иргэнээ дахин капиталжуулж байгаа асуудал байгаа юм. Хөрөнгөжүүлж байгаа асуудал.

Эшлэл 20

Эх оронч үзэл санаа гэдгийг зарим нь их буруу даялуулж авч давхидаг. Төрийн далбааны өмнө, Төрийн дууллынхаа дор хамгийн шударга дэвжээн дээр хүмүүжсэн хүмүүжлээ би тийм хийсгэлэн, хөөргөн, эх орондоо гай тарьсан байдлаар хөгжүүлээгүй л дээ. Хамаг юмыг мушгидаг, дан хар сэрээр амьсгалдаг байдал надад таалагддаггүй. Ялангуяа улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн төлөөх асуудал дээр энэ зүрхийг худлаа цохилуулж болдоггүй юм. Ийм үзэгдэл л хөрөнгө оруулагчдыг үргээдэг. Бизнесийн орчныг балладаг.

Эшлэл 21

МУИС, ШУТИС МУБИС гээд гол хэдэн сургуулиуд нь хотдоо байх ёстой гэж боддог. Зарим сургууль Майдар руу жишээ нь яагаад байж болохгүй гэж. Майдар хот цахиуртын хөндий гэдэг шиг инноваци, технологийн хөндий.

Эшлэл 22

Би ажлаа өгчихөөд эргэж тэр газрын ажил төрөлд нь ороод хутгалдаад байдаггүй.

Эшлэл 23

Ялалт гэдэг зүгээр ирдэггүй юм. Зүгээр гэртээ суугаад хүн шүүмжлээд байдаг, эсвэл зурагт болгоноор сайн сайхан юм яриад л сууж байдаг хүнд хэн итгэх юм. Бодит амьдрал гэдэг бол нүүр тулахыг л шаарддаг юм билээ.

Эшлэл 24

УИХ-ын гишүүнээ хийгэд мөрөөрөө явж байдаг байж дээ гэх харамсал байж болохгүй шүү дээ. Эрсдэл дүүрэн энэ замаар би өөрөө алхсан. Эргэж буцах, шантрах тухай ойлголт байх ёсгүй.

Эх сурвалж: 24tsag.mn

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ