Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр боллоо. Хурлаар "Ковид-19" цар тахлын өнөөгийн байдал, "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний явц, "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г батлах тухай хэлэлцэв.
2021 оны 02 дугаар сарын 11-13-нд "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд 116, 258 хүнээс шинжилгээ авч 109,068 сорьцыг шинжлэхэд 11 тохиолдол батлагдлаа. Эхний гурван өдөр зургаан хүнээс илэрсэн бөгөөд бусад тав нь гэр бүлийн ойрын хавьтал юм.
Батлагдсан зургаан тохиолдлын байршил:
- БГД-ийн гуравдугаар хороо 1
- БГД-ийн 25 дугаар хороо 1
- БЗД-ийн 26 дугаар хороо 1
- СХД-ийн 39 дүгээр хороо 1
- ХУД-ийн хоёрдугаар хороо 1
- ЧД-ийн хоёрдугаар хороо 1
Нийслэлийн 411 мянган өрхийн 171 мянгаас нь шинжилгээ авсан нь 40 хувьтай байна гэсэн үг юм. Үлдсэн ес хоногт 240 мянган өрхөөс графикийн дагуу авч дуусгана. Явуулын 191 баг, шинжилгээний суурин 87 цэг, 1,934 эмч, эмнэлгийн ажилтан, төрийн болон бусад байгууллагын 794 алба хаагч, эргүүл хамгаалалтад 9,389 хүн ажиллаж байна. Улсын хэмжээнд 11,8 тэрбум төгрөгийн эмийн, PCR шинжилгээний ялгах болон шинжлэх 140,763 багц, 16 нэр төрлийн 32 тэрбум төгрөгийн хувийн хамгаалах хэрэгслийн нөөцтэй.
Иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээхэд 10 их наяд төгрөг зарцуулна
Засгийн газар "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-нд:
- Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл
- Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг
- Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих "Залуус I, II, III" хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг
- Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг
- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг
- Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгасан юм.
Цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх нэг суурь нөхцөл нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ". Үүнийг үр дүнтэй хийхгүйгээр төлөвлөгөө хэрэгжих боломжгүй учир онцгой анхаарахыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтнуудад санууллаа. Цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Эдийн засгийн Ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн Ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдоор ахлуулан байгуулав. Цар тахлын улмаас 2019 онд 5,2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2020 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр зургаа орчим хувиар унаж огцом агшаад байна. Үүнийг даган 46 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо гэхэд л 2020 оны гуравдугаар улиралд 70 мянгаар буурчээ. Энэ бүхнийг харгалзан Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого, зорилтыг 2023 он хүртэл зэрэг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Товч мэдээ
- Эхний ээлжийн вакциныг хадгалах, тээвэрлэх зориулалтын тоног төхөөрөмж бэлэн болоод байна. Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийн болон төрийн тусгай алба хаагчид, архаг суурь өвчтэй, өндөр настнуудыг эхэлж вакцинд хамруулна.
- Өнөөдрийн байдлаар 1,682 хүн эдгэрсэн. Хэвтэн эмчлүүлж байгаа 621 хүнээс биеийн байдал хөнгөн 536, хүндэвтэр 80, маш хүнд нэг хүн байна
- 2021 оны 02 дугаар сарын 13-ны байдлаар нэг сая 900 орчим мянган хүн түргэвчилсэн болон PCR шинжилгээ өгөөд байна.
- 2021 оны 02 дугаар сарын 06-ны байдлаар 9,143 иргэн, үүний 2,773 нь яаралтай нутаг буцах хүсэлтээ илэрхийлжээ. Өнөөг хүртэл тусгай үүргийн нислэг болон газраар 28,862 иргэнийг татаж авсан байна.
- Нийслэлд 40 зочид буудлын 1900 өрөөг тусгаарлан ажиглах байрны зориулалтаар ашиглаж байна. Ойрын хавьтал, гадаадаас ирэх иргэдийг тусгаарлах 20 зочид буудлын 1,012 өрөөний бэлэн нөөцтэй, цаашид ашиглах боломжтой гэж үзэн 11 буудлын 446 өрөөг нөөцөд бүртгэж авчээ.