Нэмэндэйн Янжмаагийн мэндэлсэний 128 жилийн ойн өдөр

Монголын түүхэн гавьяатнуудын нэг нь Н.Янжмаа. Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг 17 жил удирдсан тэрээр төр нийгмийн зүтгэлтэн, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тууштай тэмцэгчдийн нэг юм. Эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч тэрээр 1924 онд "Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг" нэртэй Азийн анхдагч эмэгтэйчүүдийн байгууллагыг үндэслэн байгуулсан түүхтэй.

Н.Янжмаа эмэгтэйчүүдийн байгууллагын үүгэн байгуулж, хөгжүүлсэн төдийгүй бүсгүйчүүдийг бичиг үсэгт сургах, ахуйн соёл нэвтрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Нийт эмэгтэйчүүдийнхээ гуравны нэгийг бичиг үсэгтэй болгосон нь түүний гавьяа байв. Түүний санаачилга, хүсэл мөрөөдлөөр Монгол Улсын боловсролын тогтолцоонд эргэлт гарсан гэж дүгнэх нь бий. Тэрээр 1930 онд нийслэл Хүрээнд анхны хүүхдийн цэцэрлэг байгуулж байлаа.

Н.Янжмаа эр нөхрийнхөө адил эх оронч нэгэн байв. Тэрээр хань их жанжин Д.Сүхбаатарын хувьсгалт үйл хэрэгт гар бие оролцож, тусламж, дэмжиж явсныг нь түүх гэрчилнэ. Жанжин Д.Сүхбаатар 1893.02.02-нд, гэргий Н.Янжмаа нь Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны / Төв аймгийн Баяндэлгэр сум/ ард Нэмэндэй, Сэрээтэр нарын гэрт 1893 оны 2 сарын 6-нд төржээ. Тэрээр Туул, Тэрэлж гол, Цант, Хоолт, Их хүрээгээр нутаглан өсөж торнисон байна. Улмаар 1910 онд Д.Сүхбаатартай тоонот гэрт толгой холбож, 1912 оны цагаан сарын битүүнд Галсанлхүндэв хэмээх хүүтэй болжээ. Д.Сүхбаатарыг Хужирбулан дахь Монголын цэргийн пулемёт сумангийн жагсаалын даргаар ажиллаж байхад Н.Янжмаа орос цэргийн дарга нарын гэр бүлтэй танилцаж цэргийн хувьцас оёж, тэдний гэр ахуйн ажилд туслах, мал саах зэрэг ажил хийнэ.

Н. Янжмаа Хувьсгалын үйл хэрэгт журамт гэргийн хувиар нөхөртөө туслан хөрөнгө, мөнгө шаардагдах үед гэрээ зарж борлуулахыг зөвшөөрч, толгойн мөнгөн зүүлтээ хүртэл тайлаад өгдөг байжээ. Хувьсгалчдыг эрж илрүүлэх мөрдлөгө ширүүсэхэд айлын модон пинд хүүтэйгээ хамт нуугдан үлдэх зэргээр хүнд зовлон, бэрхшээлийн хажуугаар ханиа халамжилж, үр хүүхдээ сурган хүмүүжүүлж байлаа.

Тэд нийслэл хүрээнд ирсэнийхээ дараа хань Д.Сүхбаатарын зөвлөсний дагуу Алтанбулагт хамт ажиллаж байсан хэсэг нөхдөө цуглуулж, цэргийн хувцас оёж, засварлаж эхэлсэн байдаг. Улмаар 1922 оны 4-р сарын 1-нд өргөтгөн “Цэргийн хэлтсийн бэлтгэн үйлдэх тасаг” болон байгуулсан түүхтэй. Энэ нь хуучнаар “Цэргийн гар үйлдвэр өнөөгийнхөөр “Бөртэ” ХХК-ийн үндэс суурь ийнхүү тавигджээ.

Н. Янжмаа нь 1921 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлд гишүүнээр, 1923 онд МАН-ын төв хорооны дэрэгдэх 11-р үүрт намын гишүүнээр тус тус элссэн байна.

Н.Янжмаа нь:

  • 1922 онд намын Төв хорооны дэргэд “Эмэгтэйчүүдийн бүлгэм”-ийг анх байгуулж, Намын Төв хорооны эмэгтэйчүүдийн тасгийн дарга, Эмэгтэйчүүдийн Хэлтсийн дарга
  • 1943 оноос Эмэгтэйчүүдийн Хэргийг эрхэлсэн нарийн бичгийн дарга,
  • 1921-1924, 1940-1947 онд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгч гишүүн, 1941-1947 онд Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар
  • 1947 оноос Эмэгтэйчүүдийн Төв зөвлөлийн даргаар
  • 1948 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн даргын орлогч
  • 1949 онд улсын Бага хурлын гишүүнээр
  • 1948-1949 онд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн газрын дэд даргаар,
  • 1950 оноос эхлэн Монголын эмэгтэйчүүдийн хорооны даргаар
  • 1951 оноос БНМАУ-ын Ардын Их Хурлын 1,2,3,4 дэх удаагийн сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар
  • 1953 онд Ардын Их Хурлын даргаар тус тус сонгогдон ажиллаж,

дэлхийн Бүгд найрамдах улсуудаас хоёр дахь  эмэгтэй Төрийн тэргүүн болон түүхэнд мөнхөрчээ.

Тэрээр  20-р зууны эгэл жирийн эмэгтэйчүүдийг эрдэм мэдлэг, эрх чөлөөтэй иргэн болж төлөвших эхлэлийг тавьсан төр нийгмийн зүтгэлтэн байлаа.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ