Мэргэжлийн, чадалтай сайдууд хайран байна

Нярай хүүг ээжтэй нь хамт хөл нүцгэн шахуу эмнэлгээс гаргаж, хүйтэн машин руу ачсан дүр зурагт бухимдсан ард түмэн төв талбайд гарч, УОК-ыг огцруулахыг шаардсан билээ. Анх удаа л залуус аль нэг  улс төрийн хүчний дэмжлэггүй Төв талбайд цуглаж, эсэргүүцлээ илэрхийлсэн нь тэр. Ердөө Шадар сайд Я.Содбаатар гэгчийг ажлаа өгч, сахилга хариуцлагатай ажиллахыг шаардсан иргэдийн тэмцлийг овжин ашигласан бүлэглэл нь өнөөдөр өглөө Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулчихлаа. “Ард түмнийг цуст тэмцэлд уриалсан хумсаа нуусан МУУР байсан учраас Засгийн газар ард түмнийхээ төлөө огцорч байна” гэсэн мэдэгдэл хийгээд тэр танхимаа огцруулах хүсэлтээ Удирдах зөвлөлд оруулжээ.

Улмаар намынх нь Удирдах зөвлөл огцрохыг дэмжлээ гэдэг нь шатрын өрөг дээр У.Хүрэлсүх хэдийнэ мад тавиулжээ гэсэн үг. УИХ-аар орсон ч тэсэж үлдэхгүй нь тодорхой болов. Бүлэглэлд үйлчилсэн хэсэг бүлэг нь Ерөнхий сайдыг танхимаар нь унагаснаар Ардын намын хоёрдугаар ээлж хоолонд орж,  намынх нь талцал хуваагдал тайзан дээр ил гарч ирлээ.

М.Энхболд, Т.Бадамжунай АН-аас С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж тэргүүтэй хүмүүс У.Хүрэлсүхийг, Х.Баттулгатай хамт зайлуулах төлөвлөгөөг халат, тавчиктай ээж, хүү хоёроор төлөөлүүлэн амжилттай хийж гүйцэтгэв. Хайран байна.

Хамгийн зөв, хамгийн эрч хүчтэй ажиллаж чадсан сайд бол У.Хүрэлсүх байсан. Танхимдаа ч дандаа зөв залуус, мэргэжлийн мэдлэгтэй хүмүүсийг оруулж ирсэн. Зам тээврийн салбарт гэхэд л замын жирийн ажилтнаас ажлын гараагаа эхэлж байсан Л.Халтарыг тавьсан. Эрчим хүчний чадварлаг мэргэжилтэн Л.Тавинбэх, корона дэлхийн бараг бүх улсад дэгдчихсэн байхад Монгол Улсаа хамгаалж, хоногийн 24 цагаар зогсолтгүй ажиллан хамгийн сайнаар хамгаалж, дотооддоо цар тахлыг алдахгүй барьж чадсан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гээд чадварлагуудаа явуулах болж байна. Д.Сарангэрэл шиг ажлаа чин сэтгэлээр, хариуцлагатай хийж ажилласан сайд байгаагүй бол МАН өнгөрсөн сонгуулиар ч тэр хэмжээний ялалт авч чадахгүй байсан нь үнэн. Тиймдээ ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнд хамгийн чухал салбараа даатгасан билээ.

Хэрвээ МАН-д төрийн залгамж халаа гэж байдаг бол чадварлаг менежер, удирдагч гэдгээ хоёр ч салбарт харуулж чадсан Д.Сарангэрэлээ, Эрчим хүчний салбараа мэргэжлийн удирдлагаар хангаж буй Н.Тавинбэхээ, хурандаа Г.Сайханбаяр зэрэг мундагуудыг танхимд нь хэвээр үлдээнэ гэж итгэж байна. Тэд бол ажиллаж чаддаг гэдгээ харуулсан. Цаашдаа ч чадах биз. Харин Ч.Хүрэлбаатар, Я.Содбаатар шиг мэдлэггүй, мэдрэмжгүй хүмүүсийг бол явуулахад ч гэмгүй байв. Гэтэл Ч.Хүрэлбаатар нь би Ерөнхий сайд болно хэмээн троллуудаа ажиллуулж ч байх шиг. Хумсаа нуусан муур гэдгээ нотлоод ч байх шиг. 

Ерөөс нэгийг нь явуулж болохгүй нөгөөгөөр нь туг тахидаг энэ улстөржилт эцэстээ Монгол Улсыг туйлдуулж буй нь үнэн. Нэг сайдад хариуцлага тооцоод өгөөч гэхээр нийтээр нь огцруулж буй бохир улс төр коронагийн үед дэндүү илүү байлаа. Бүлэглэл санаснаа биелүүлж, У.Хүрэлсүхийг дэвшүүлэн зайлуулав бололтой. Тэр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлддөг байлаа ч Х.Баттулга шиг рейтингтэй улстөрчтэй өрсөлдөөд ялна гэдэг хэцүү. Тиймээс шаардлагатай гэвэл ард түмэн төрийн тогтвортой байдлын төлөө, М.Энхболд тэргүүтэй бүлэглэлд эрх мэдэл олгохгүйн тулд тэмцэхэд ч гэмгүй биз. Ямар ч жагсаалыг өөрт ашигтай эргүүлж чаддаг бүлэглэлд санаснаа гүйцээх боломжийг уг нь олгохгүй байхсан даа.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ