Монгол Улсын гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаа нь 1967 онд Улаанбаатар хотноо Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат Төмөр, Баянжаргал нарын охин болон төржээ.
Тэрбээр багаасаа л дуу бүжигт авьяастай хүүхэд байсан бөгөөд Ариунаа нь нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургуульд сурагч байх үеээсээ хүүхдийн дууны нэрт зохиолч Л.Галмандахын удирдлага доор "Нарны дуулал" хамтлагт дуулж байсан юм. 15 настай байхдаа "16 нас" хэмээх дууг анх дуулсан нь түүнийг олонд таниулан энэхүү дуу нь хүүхэд, залуучуудын сонсох дуртай дуу болж чадсан байдаг.
Түүнийг 16 настайд нь буюу нэг жилийн дараа уг дуу нь Монголын радиогийн алтан фондод бичигдсэн байна.
Дунд сургуульд байхдаа тэрбээр Монголын пионерын байгууллагын урлагийн үзлэгийн мөнгөн медаль хүртсэн ба мөн Зөвлөлтийн дуу дуулаачийн улсын уралдаанд шалгарч байжээ. Хожим нь тэрээр Болгар улсын Хөгжмийн дээд сургуульд суралцан төгсөж мэргэжлийн дуучин болсон байна.
Дуучин Ариунаа нь бизнесмэн Буяндоржтой гэр бүл болсноороо нэгэн хэсэг нилээд их шар сонины бай болж байсан ч тэд энэ бүхнийг даван туулж чадсан ба 2000 онд хүүтэй болон өнөөдрийг хүртэл тэд хамтдаа аз жаргалтай амьдарч байгаа билээ.