Монгол Улсад чөлөөт бүс байгуулах анхны үзэл баримтлал 1995 онд гарсан бөгөөд 2002 онд “Чөлөөт бүс байгуулах тухай хууль”-ийг баталж, 2015 онд шинэчлэн баталсан байдаг.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.11-д “Чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана” гэж заасны дагуу чөлөөт бүсүүд, тэр дундаа “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлыг эхлүүлж, бүсийн Захирагчаар МАН-ын Хэвлэл мэдээллийн газрын дарга А.Энхзулыг томилжээ.
Ирэх онуудад технологи шилжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж, уламжлалт бус бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоог дотоодын бизнес эрхлэгчдэд олгох юм байна. Эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэхэд шаардлагатай зам, тээврийн сүлжээ, инженерийн дэд бүтэц бий болж, Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ төрлийн шинэ брэндийг мөн бий болгох юм.