Өвөлжилт хүндэрсэн аймгууд болон отроор яваа малчин өрхөд 1200 тонн тэжээл хүргэх эхний цуваа Улаанбаатар хотоос өнөөдөр хөдөллөө. Малчдад тусламж олгохоор явж байгаа жолооч нарт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархал илэрхийлэв.
Засгийн газар өвөлжилт хүндэрсэн таван аймаг, 74 сумын 45 мянга гаруй малчин өрх тус бүрт 300 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний малын нэмэлт тэжээлийн тусламж олгохоор шийдвэрлэсэн. Хөрөнгийг Дэлхийн банкнаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хэрэгжүүлж байгаа "Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх" төслөөс гаргах болсон юм.
Говь-Алтай аймгийн 10 сумын 4 200 малчин өрхөд 1.1 тэрбум, Өвөрхангай аймгийн 19 сумын 16 300 малчин өрхөд 4.2 тэрбум, Баянхонгор аймгийн 20 сумын 1 200 малчин өрхөд 3.1 тэрбум, Өмнөговь аймгийн 10 сумын 4000 малчин өрхөд 1.0 тэрбум, Дундговь аймгийн 15 сумын 7 200 малчин өрхөд 1.8 тэрбум төгрөгийн бүрэн найрлагатай тэжээл олгох юм.Тэжээлийг малчдад хүргэх ажлыг тухайн аймаг, орон нутгийн Онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн газар хариуцна. Малчин өрхөд тусламж хүргэсэн бүртгэлийг аппликэйшнээр дамжуулан тухай бүр баталгаажуулах бөгөөд Дэлхий банкны журам, дүрмийн дагуу хяналт тавихаар болжээ.
Мөн малын нэмэгдэл тэжээлээр тэжээх шаардлага, хэрэгцээг тооцох, тэжээх малаа сонгох зэрэг зөвлөмжийг хүргүүлж байна. Хүчит тэжээлийг "Баялаг Фийд" компани үйлдвэрлэжээ.
Эх сурвалж:/МОНЦАМЭ/