ЦАГДААГИЙН АХЛАХ АХЛАГЧ Ц.ЧУЛУУН-ЭРДЭНЭД 2 ӨРӨӨ БАЙРНЫ “БАТЛАМЖ”-ИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Энэ оны 12 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэ ажил үүргээ гүйцэтгэж явах зуур гэрт нь гал гарч, байшин нь бүрэн шатсан харамсалтай явдал тохиолдсон билээ.

Цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэ нь цагдаагийн байгууллагад 16 жил ажиллахын зэрэгцээ төрсөн эгчийнхээ 3 болон 6-р ангийн бүтэн өнчин хоёр хүүхдийг өөр дээрээ авч асран халамжилдаг юм. Энэ ам бүл тэсгэм хүйтэнд орох оронгүй болж, хамаатныхаа айлд толгой хоргодохоос өөр аргагүй болсон.

Иймд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ө.Эрдэнэхүү нар санаачлан “Сэтгэлийн дэм” сайн үйлсийн аяныг хамт олныхоо дунд эхлүүлсэн юм.

Энэхүү сайн үйлсийн аянаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд танилцуулж, салбарын Сайд албан үүргээ биелүүлж явах үеэр галын аюулд өртсөн тухайн албан хаагчид туслах “Сэтгэлийн дэм” аяныг илүү өргөн хүрээнд зохион байгуулж, талийгаач эгчийнхээ өнчин үлдсэн хоёр хүүхдийг асран халамжилдаг хариуцлагатай албан хаагчийг “Орон сууцтай” болгох тал дээр анхаарч ажиллах чиглэлийг өгч, ХЗДХ-ийн яам түүний харьяа агентлаг болох Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын удирдлагуудад зохих санхүүгийн туслалцааг үзүүлэхийг үүрэг болгосон.

Ингэснээр Цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэний гэр бүлд туслах “Сэтгэлийн дэм” аян цөөн хоногт идэвхтэй үргэлжилж дээр дурдсан байгууллагууд, алба хаагчид, Монгол цэрэг-Дэлхийн цэрэг нэгдэл, Хан-Уул дүүргийн 10-р сургуулийн хамт олон болон хувийн хэвшлийн компани, хувь хүмүүсийн хандиваар Хан-Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт орших “Дулаахан байр-3” хотхонд 47.65 м2 хоёр өрөө байрны “Батламж”-ийг 2020 оны 12-р сарын 22-ны өдөр ХЗДХ-ийн Дэд сайд С.Баатаржав болон албаны бусад хүмүүс гардуулан өглөө.

Мөн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатарын ахласан ажлын хэсэг нийт цугласан хандиваас хуримтлагдсан мөнгөн хандиваар 81.8 сая төгрөгийн байрны төлбөрийг бүрэн төлж, Улаанбаатар буйдан ХХК-ийн хамт олонтой хамтран иж бүрэн тавилгажуулсан бөгөөд тус компани Ц.Чулуун-Эрдэнийн гэр бүлд Нүүдэл брэндийн буйдангаа хандив болгон бэлэглэсэн бол Summit ХХК-ий PC Mall дэлгүүрийн хамт олон 42 инчийн телевизорыг хоёр хүүхдийн теле хичээлээ үзэх боломжийг дэмжих үүднээс мөн хандивласан юм.

Энэ мэтээр олон арван байгууллага, хувийн хэвшил, хувь хүмүүсийн сэтгэлийн дэмээр Ц.Чулуун-Эрдэний асран халамжилдаг 8, 11 настай бага насны хоёр дүүд нь 18 нас хүрээд сургууль, боловсролдоо зарцуулах тус бүр 10 сая төгрөгийн хугацаат хадгаламжийг гардуулан өглөө.

Албан үүргээ гүйцэтгэж явахдаа ар гэр нь галын аюулд өртсөн ч өргөсөн тангаргатаа үнэнчээр үүргээ гүйцэтгэж, цагдаагийн байгууллагад хоёргүй сэтгэлээр алба хашин, ард түмнийхээ “Амар тайван амьдралын төлөө” зүтгэж яваа цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэд чин сэтгэлээрээ тусласан бүхий л хүмүүст ХЗДХ-ийн салбарын нийт алба хаагчдын нэрийн өмнөөс талархаж буйг хүлээн авна уу.

САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ