Улсын Онцгой Комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр танилцуулахдаа, "Өнгөрсөн 48 цагт 143 иргэн гэрийн ажиглалтад шилжлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 9560 хүн гэрийн ажиглалтад байгаа бөгөөд энэ хүмүүс ажиглалтын 14 хоногтоо халдвар хамгааллын дэглэм, зааврыг ягштал биелүүлэх үүрэгтэйг дахин дахин сануулъя. Улаанбаатарын 26 тусгаарлан ажиглах байранд 1403 иргэн байна. Дорноговь, Өмнөговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Говь-Сүмбэр 953, нийтдээ 2356 хүн тусгаарлан ажиглах байранд хяналтад байгаа юм. Мөн ойрын хавьтлын 217 хүнийг нэмж тусгаарлах ажиллагааг хэрэгжүүллээ.
Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байранд 202 төрийн албан хаагч, шалган нэвтрүүлэх товчоодод 301 төрийн албан хаагч, авто зам, гудамж талбайд хөдөлгөөний хязгаарлалт, хяналт тавьж явган эргүүл хийж байгаа 4241 төрийн албан хаагч ажиллаж байна. Мөн явган эргүүлд 223 техник хэрэгсэл ашиглаж байгаа, 351 авто тээврийн хэрэгслээр авто эргүүлийн үйл ажиллагаанд оролцож байна. Халдварын шинжилгээ авч ажиллаж буй 1162 эмч, эмнэлгийн ажилтан байгаа юм. Нийтдээ нэг өдөрт 7207 төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна" гэв.