Б.Буджаргал: Эхний 84 цагийн байдлаар 500 км гүйж, тэмцээнийг хошуучилсан хэвээр байна.
Түүний арын тамирчин 110 километрээр хоцорч байна. Зургаан өдрийн гүйлтийн тэмцээнд оролцох тамирчид дэлхийн хэмжээнд тун цөөхөн байдаг ажээ. Тиймээс 3 өдөр, 2 өдөр, 1 өдрийн гүйлтийн тэмцээнүүд энэ өдрүүдэд давхар зохион байгуулагддаг.
Тодруулбал, 24, 48, 72 цагийн гүйлтийн тэмцээн давхар явагдах бөгөөд энэ төрөлд уралдах тамирчид өдөр өдрөөр нэмэгдэнэ гэсэн үг. Шинэ нэмэгдсэн тамирчидтай Б.Буджаргал маань аль хэдийнэ уралдчихсан гэдгийг онцолъё. Тэмцээнийг дүгнэхдээ төрөл тус бүр дээр тамирчдын хувийн амжилтыг жагсааж гаргадаг. Манай тамирчин одоогийн байдлаар 24, 48, 72 цагийн гүйлтийн тэмцээнд хамгийн их зам туулсан амжилтаар тэргүүлсэн үзүүлэлттэй байна.
Тамирчин маань дэлхийн рекордыг эвдэх өндөр зорилгыг өмнөө тавьсан. Гэвч цаг агаар, тамирчны биеийн байдал гээд олон зүйл энд нөлөөлнө. Хүн өөрөө тэсвэр тэвчээр гаргаж чадаж байлаа ч бүх зүйлд хэмжээ хязгаар гэж бий. Тиймээс Хэт холын зайн гүйлтийн холбоо, дэмжиж ажиллаж байгаа бидний зүгээс болон арын албаны баг хамт олны зүгээс тамирчныхаа эрүүл мэндийг номер нэг асуудал болгон ажиллаж байна. Тамирчны биеийн байдлын тухайд хоёр хөл нь битүү цэврүү үүсч, хумсных нь завсраар идээлсэн байна.
Энэ нь олон өдрийн гүйлтийн үед гардаг зүйл боловч энэ удаагийнх нэлээд хүнд цэврүүтэж, тамирчинд өвдөлт өгч байгаад багийн нөхөд нь санаа зовниж байна гэлээ.
Арын албанд ирж ажиллаж буй АНУ дахь монголчууд маань маш сайн ажиллаж, тамирчныхаа сэтгэл санаа, хоол хүнс, эрүүл мэндэд анхаарч байгаа нь энд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа ажээ.
Холын зайн гүйлтээр дэлхийд дөрвөн удаа түрүүлсэн Б.Буджаргал энэ удаагийн “Зургаан өдөр, зургаан шөнө”-ийн гүйлтийн тэмцээнд оролцох гэж олон саад бэрхшээлийг даван туулсан юм.
Холыг зорьсон Монгол хүний мөрөөдөл өнөөдөр эх орныхоо нэрийг дэлхий дахинд дуурсгаж байна.
Аюулт цар тахлын үед Б.Буджаргал маань Монгол хүн юуг ч даван туулж чадна гэдгийг нотлон харуулж, ард түмэндээ урам зориг хайрлаж байгаа билээ.