Засгийн газар жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий ‘Тавантолгой түлш’ ХХК-ийн үйлдвэрийг 2018 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан. Одоогийн байлаар тус үйлдвэрт 3000 хүн ажиллаж байна. Үйлдвэрлэсэн түлшээ нийслэлийн хэмжээнд 1000 гаруй түлш борлуулагчтай хамтран ажиллаж, 2019-2020 оны өвөл 524 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдаалжээ. Түлш борлуулах цэгүүдэд нэг тонн тутамд нь 15 мянган төгрөгийн урамшуулал олгодог байна. Нэг тонн түлшний үнийг 150 мянган төгрөгөөр тогтоосон бөгөөд үнийг нь тогтвортой хадгалахын тулд НӨАТ-аас чөлөөлсөн юм.
Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар ‘Тавантолгой’ түлш компани 92117 тонн сайжруулсан түлш нөөцөлжээ. Мөн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын зүүн бүсэд шинэ үйлдвэр барих ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Тус үйлдвэрээ энэ сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэхүү үйлдвэр баригдсанаар нийслэлийн төвийн зургаан дүүргээс гадна агаарын чанарыг сайжруулах бүсэд ороогүй алслагдсан зарим дүүргийн хороод, аймгийн төвүүдийн айл өрхийг сайжруулсан түлшээр хангах боломж бүрдэх ажээ. Түүнчлэн шинэ үйлдвэр ашиглалтад орсноор 1500 гаруй шууд ажлын байр шинээр бий болох бөгөөд Налайх дүүргийн иргэдийг тогтвортой ажлын байраар хангах нөхцөл бүрдэнэ гэж тооцсон байна.