“Петровис” группийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл өвчний улмаас таалал төгсжээ.
Ж.Оюунгэрэл Монголын бизнесийн салбарт олон жил ажилласан цөөхөн эмэгтэйчүүдийн нэг байлаа.
Тэрээр Герман улсад эмчлүүлж байжээ. Харамсалтай нь ийнхүү хүнд өвчнийхээ улмаас таалал төгссөн байна. Тэрээр ОХУ-д нефтийн инженер-эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн ба 1979 оноос эзэмшсэн мэргэжлээрээ улсын байгууллагуудад ажиллажээ. Улмаар 1990-1992 онд Нефть импорт хангамж нэгтгэлийн ерөнхий захирал, 1992-1996 онд "НИК" ХХК-д Ерөнхий захирлын албыг хашиж 1996 оноос хойш "Петровис" ХХК-ийн ТУЗ-ийн даргаар тус тус ажиллажээ. Мөн талийгаач технологи, боловсролын салбарт олон арван төсөл санаачилж, хөрөнгө оруулж ирснээс дурдвал Улаанбаатар дахь Бритиш сургууль, LendMN финтек апп гэх зэргийг нэрлэж болно.
Гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олон, ойр дотнынхонд нь гүн эмгэнэл илэрхийлье.