БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Их, дээд сургуулиудыг нүүлгэх асуудлыг ирэх жилээс ажил хэрэг болгоно гэв.
“Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулах талаар ярьсан. Энэ нь 2013 оны тооцооллоор 11 их наяд төгрөгийн санхүүжилт гарахаар байв. Шинэ Засгийн газрын тооцооллоор Багануур руу шилжүүлэх боломжгүй гэж үзэн, Ховд, Дорнод, Орхон, Дархан-Уул, Дорноговь зэрэг аймагт оюутны хотхон байгуулах асуудлыг удахгүй Засгийн газраар шийдвэрлүүлнэ. ХААИС-ийг ирэх жил Дархан руу, ШУТИС-ийг Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Эрдэнэт хот руу шилжүүлнэ. Мөн Ховд, Дорнодод боловсрол, эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн сургуулиа шилжүүлэх, Дорноговь болон говийн аймгууд руу уул уурхайн сургуулиа гаргая гэсэн бодлоготойгоор ТЭЗҮ боловсруулан ирэх жилээс ажил хэрэг болгоно. Харин МУИС-ийг нүүлгэх шаардлагагүй гэж үзсэн. Төрийн их, дээд сургуулиудад хөтөлбөрийн давхардал байна. Бүгд л орлогоо бодож бизнес эрх зүй, удирдлагын ухаан зааж байна. Тиймээс үүнийг сургууль сургуулиар нь төрөлжүүлж, цэгцэлнэ" гэв.