Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт мэдрэл, зүрх судасны эмгэгүүдийг оношлох, эмчлэх Б-План ангиографийн тоног, төхөөрөмжийг сурилуулан шинээр үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ. Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УНТЭ-ийн ерөнхий захирал Н.Лхажий, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ЭМЯ-ны санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Нарантуяа болон бусад холбогдох албаныхан оролцов. Манай улсын эмнэлгүүдэд сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж дутмагаас болж иргэд гадаад руу зорьж оношилгоо, эмчилгээнд орох явдал их байсан бол одоо ЭМЯ-аас гадагшаа явах урсгалыг багасгах, эх орондоо оношилгоо, эмчилгээгээ хийлгэдэг болгох боломжуудыг бий болгож байна. Үүний нэг нь өнөөдөр УНТЭ-т шинээр ашиглалтад орж буй хамгийн сүүлийн үеийн Б-План ангиографийн тоног төхөөрөмж юм.
Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнсайхан хэлсэн үгэндээ “Өнөөдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт судсан доторх оношилгоог хийх зориулалттай Б-План ангиографийн аппаратыг шинээр нэвтрүүлж, эмчилгээ, оношилгоонд ашиглаж эхэлж байна. Улсын хэмжээнд УГТЭ-т ангиографийн ганц аппарат байсан бол өнөөдөр УНТЭ-т хамгийн сүүлийн үеийн технологийн шинэчлэлтэй програм хангамж бүхий олон үйлдэлтэй тоног төхөөрөмжийг үйл ажиллагаа ашиглахад бэлэн боллоо. Ингэснээр УГТЭ-ийн ачааллыг хуваалцах, төвлөрлийг сааруулах ажил биеллээ олж, тус эмнэлгийн ачаалал нэг дахин багасах боломжтой болж байна гэсэн үг. Учир нь улсын хэмжээнд уг аппаратаар үйлчлүүлэх шаардлагатай байгаа хүмүүс судас нь дотор оношилгоо, эмчилгээг одоо УНТЭ-ээс авах боломж нь бүрдэж байна. Эрүүл мэндийн салбар төвлөрлийг сааруулах, чанартай хүртээмжтэй эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяа эмнэлэг, орон нутгаасаа авдаг болох зорилт тавин ажиллаж байгаа. Нөгөө талаас олон улсын стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж ашиглан эмнэлгийн тусламж, үйлчилгээг ард иргэддээ үзүүлэх боломжтой болж, улсын хэмжээнд судсан доторх оношилгоо, эмчилгээний үйлчилгээ нэг шат ахилаа гэж харж байна. Түүнчлэн цаашид бид энэ үйлчилгээг УХТЭ-т нэвтрүүлнэ. Мөн энэ аппарат мэдрэл, зүрх судасны яаралтай тусламжийн үед ашигладаг бөгөөд алслагдсан аймгуудаас үйлчлүүлэгч хот руу ирэх гэж цаг алдсанаас болоод амь насанд аюул учирч болзошгүй эрсдэл байсан. Тиймээс ирэх ондоо багтаж Б-План ангиографийн аппаратыг хөдөө, орон нутгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ ажлын хүрээнд хүний нөөцөө сургаж эхэлсэн. Ирэх оноос ард иргэд цаг алдалгүйгээр орон нутагтаа энэ төрлийн тусламж үйлчилгээг авах боломжтой болно” гэдгийг онцлов.