Манай орны нийт нутаг дэвсгэрийн 7.9 хувь нь ой бөгөөд үүний тавхан хувийг хуш эзэлдэг. Энэхүү ой 10 аймгийн 63 сум болон Улаанбаатар хотын ногоон бүсэд тархан ургадаг аж. Дархан цаазатаас бусад газарт ургасан самрыг зөвшөөрсөн хугацаанд (Есдүгээр сарын 10-наас дараа оны гуравдугаар сарын 15 хүртэл) түүж, бэлтгэдэг.
Хуш модны самрын энэ жилийн тархцыг аймаг, сумын Ойн ангийнхан тогтоожээ. Түүнийг нь БОАЖЯ-ны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвийнхөн үндэслэлтэй гэж дүгнэсэн. Үүнд найман аймгийн 25 сумын ойн санд хушны самар их, 10 аймгийн 38 сум, нийслэлийн ногоон бүсэд дунд ургацтай гэж дурдсан. Нийт хушин ойн 39.7 хувь нь сайн, 60.3 хувь нь дунд ургацтай. Өөрөөр хэлбэл, нийслэлийн ногоон бүсэд хамаарах Богдхан уулын хушин ой дунд зэргийн ургацтай гэсэн үг.
Харамсалтай нь, иргэд сүүлийн жилүүдэд хушин ойгоос самрыг зүгээр ч нэг авахгүй модыг нь гэмтээж, хог хаяж, нялх ургамлыг талхалж, хориотой хугацаанд баялгийг нь түүж, тэр ч бүү хэл дархан цаазат газрыг самрах болжээ.
Хяналт, шалгалтаар (аравдугаар сарын 21)-ны өдөр гэхэд л 25 отгийн 160 хүн, 17 тээврийн хэрэгслийг Богдхан уулнаас албадан буулгажээ.
Элбэг биш ийм ургацтай үед иргэд энэ мэтчилэн дархан цаазат уулнаас самар түүсээр байвал доройтолд өртөх эрсдэлтэй” гэлээ.
Уг нь хушны самрыг зөвшөөрөлгүй түүх буюу байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн тохиолдолд 5-27 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсвэл 1-5 жил хорих, мөн хугацаанд зорчих эрхийг нь хязгаарлах хуулийн заалттай.
1809 онд Богдхан уулын 32 амын 28-ыг нь цагдаатай болгож, нэвтрэх зөвшөөрлийг Богд хаан олгодог журамтай байжээ. Өдгөө энэ уулыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 41 ажилтан, тэр дундаа 25 байгаль хамгаалагчаас өөр хүн хамгаалдаггүй гэхэд хилсдэхгүй. 32 ам бүхий 41.6 мянган ам метр талбайг ийм цөөхөн хүн хамгаалдаг учир зөрчил гарч, болзошгүй аюулд удаа дараа өртдөг нь аргагүй биз. Иргэд байгалиа хамгаалах ухаан, экологийн боловсролд суралцахгүй бол хөхтний 54, шавжийн 1660, шувууны 194 зүйл нутагладаг, нийслэлийн ногоон бүсэд томоохон байр суурь эзэлдэг Богдхан уулаа зэрэмдэглэхэд тун ойрхон болжээ.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба