“Монголын ноос, ноолуурын салбарт тогтвортой байдлыг хөгжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөн боллоо. AVSF Монгол байгууллагаас Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл" төсөл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран хэрэгжүүлж байгаа малчдын хоршоодын сайн туршлагуудыг энэхүү зөвлөгөөний үеэр танилцууллаа.
“Монголын ноос, ноолуурын салбарт тогтвортой байдлыг хөгжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь, Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер Ив Лукас, орон нутгийн тогтвортой ноос, ноолуур бэлтгэгч хоршоодын гишүүд, үйлдвэрүүд, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцов.
Зөвлөгөөний үеэр тогтвортой ноос, ноолуур бэлтгэгч малчдын хоршоодын өнөөгийн нөхцөл байдал, тогтвортой, гэрчилгээжсэн, мөшгөх боломжтой түүхий эд бэлтгэлийн сайн туршлагыг танилцуулж, малчнаас хэрэглэгч хүртэлх нэмүү өртгийн сүлжээнд тасралтгүй байдлыг хэрхэн хангах талаар санал солилцлоо. Зөвлөгөөний үр дүнд оролцогчид Монголын ноос, ноолуур үйлдвэрлэлд тогтвортой байдлын зарчим, шаардлагуудыг хэрхэн тусгах талаар Зөвлөмж боловсруулж, шийдвэр гаргагч нарт хүргүүлэх юм.
Хоршоод байгальд ээлтэй, нийгэмд тэгш хүртээмжтэй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй буюу тогтвортой аргаар ноос, ноолуур бэлтгэж, гадаад, дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд нэмүү өртөг шингээн нийлүүлж байгаа сайн жишээнүүд байна. Ингэснээр малчдын орлого нэмэгдэж, түүхий эдийн эргэлт баталгаатай болж, малын чанарт анхаарах, цаашилбал монгол ахуй соёл, монгол малын ноос, ноолуурын үнэ цэнийг дэлхийд таниулах боломж бүрдэж байна.