Олон улсын байгууллагууд 2021 онд Монгол Улсын эдийн засаг хурдтай сэргэнэ гэж үзэж байна. Тухайлбал, Дэлхийн банк манай улсын эдийн засгийг 5.6 хувь, ОУВС 8 хувьд хүрнэ гэж үзэж байна. Засгийн газар ирэх онд эдийн засгийн өсөлтийг 6 хувьд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
2020 оны хувьд хэн ч урьдчилан төсөөлөөгүй COVID-19 цар тахлын улмаас улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд 9.7 хувиар, нийт экспорт 28 хувиар, уул уурхайн экспорт 25 хувиар, нийт импорт 15 хувиар тус тус буурч, төсвийн орлого үлэмж хэмжээгээр тасраад байна. Халдварт цар, тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор иргэн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, иргэдийн амьжиргааг хангах цогц арга хэмжээний улмаас иргэдийн эрүүл мэнд, амьжиргааг тэтгэх зориулалттай төсвийн зардал нэмэгдэж алдагдал дотоодын нийт бүтэгдэхүүний 9.9 хувьд хүрсэн нь дэлхийн бусад улсуудын дунджаас ихгүй байна. Тухайлбал, АНУ-ын төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 15.3%, Япон улсынх 10.6%, БНСУ 6.0%, Сингапур 13.6%-д хүрсэн бол эдийн засаг нь хамгийн ихээр унасан орнуудад Перу 30.2%, Энэтхэг 23.9%, Испани 21.5%, Их Британи 21.5%, Аргентин 19.1%, Өмнөд Африк 16%, Бразил 15.7%-д хүрсэн байна.
Ирэх онд татвар нэмэхгүйгээр бизнесийг дэмжих бодлого барина. Татвараа хариуцлагатай, шударгаар төлдөг иргэн, аж ахуйн нэгжид дарамт учруулахгүй. Төрийн өмчийн нийт 117 аж ахуйн нэгжийн 62 хувь нь ашиггүй ажиллаж байгааг цэгцэлж компаниудын засаглал, ашигт ажиллагааг сайжруулах, эдгээр аж ахуйн нэгжүүд олон жил алдагдалтай, үр ашиггүй, ил тод бус ажиллагааг таслан зогсоож үйл ажиллагааны зардлыг бууруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, засаглал, ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн багц арга хэмжээг хэрэгжүүлэх замаар төрийн өмчийг үр ашигтай удирдаж ашигт ажиллагааг нэмэгдүүлж, удирдлагуудтай ажлын үр дүнгээр хариуцлага тооцдог болно.
Эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэл, өөрчлөлтийн үр шимийг монгол хүн бүр хүртэнэ. Иргэд 2021 оноос эрүүл мэндийн даатгалаараа төр, хувийн бүх эмнэлгийн эрүүл мэндийн тусламжийг чанартай, шуурхай авах боломж бүрдэнэ. Эмнэлгийг биш үйлчлүүлэгч-иргэнийг дагасан, эм, тариа, эмчийн цалинд бус харин эмчлэн эдгээсэн хүний тоо, эмчилгээний чанарт суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжих бэлтгэлийг хангаж байна. Иргэд өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагаас шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, чанартай, шуурхай авдаг, эрүүл мэндийн даатгалын байгууллага улсын төсвөөс олгож байгаа санхүүжилтийг цахим систем ашиглан эмнэлэг, эмийн санд хуваарилдаг хэлбэрт 2021 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн шилжинэ.
Засгийн газар 2012 оноос хойш нэмээгүй байсан цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны төсвийг 2021 оноос эхлэн 50 хувиар нэмсэн. Энэ нэмэгдлийг дахин нэмэх шаардлага байна. Засгийн газраас боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавьж “Гурван ээлжгүй сургууль”, “Хүүхэд бүрт цэцэрлэг” хөтөлбөрийг 2018 оноос эхлүүлж материаллаг хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр тодорхой үр дүнд хүрээд байгаа ч боловсролын чанарыг сайжруулж ирээдүйн МОНГОЛ ХҮНИЙ төлөвшил, ёс зүй, хүмүүжил, мэдлэг чадварт анхаарах цаг болжээ. Багшийг хөгжүүлэх, сургалтын стандарт хөтөлбөр, орчин үеийн хэрэглэгдэхүүн, боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцооны өөрчлөлт шинэчлэл, төсвийн хуваарилалтын бодлого хэрэгжүүлэх болно.
Багшийн цалин урамшууллыг сурагчдын сурлагын амжилттай холбон нэмснээр багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрсэн үр дүнг ахиулна. Засгийн газраас түүхий нүүрсэнд ногдуулах агаарын бохирдлын төлбөрийн орлого болон газрын тосны лицензийн төлбөрийн орлогын зарцуулалтыг оновчтой болгох, сайжруулсан түлш үйлдвэрлэх, сайжруулсан түлшээр нийслэлийн айл өрхүүдийг бүрэн хангах, халаалтын зуухны янданд шүүлтүүр суурилуулах зэрэг ажлуудыг шат дараалалтай авч хэрэгжүүлсний үр дүнд нийслэлийн агаарын бохирдол 50 хувиар буурсан байна.
Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний талаар. Цар тахлын улмаас улсын эдийн засаг нэлээд агшиж байгаа энэ үед мөчлөг сөрсөн бодлогын хүрээнд нийгэм, орон нутгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтын төслүүдийг зогсоохгүй үргэлжлүүлж байна. Сум, орон нутагт хийгдэх сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга, их засвараас эхлүүлээд томоохон төслүүдийг ч саадгүй санхүүжүүлж байна.
Нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор 2016-2019 онуудад 100 сургууль, 147 цэцэрлэг, 43 дотуур байр, 52 эмнэлгийн барилга болон 1773 км авто зам, 1481 метр гүүрийн байгууламж, 500 км инженерийн дэд бүтцийн байгууламжийг ашиглалтад оруулсан бол 2021 онд 62 сургууль, 53 цэцэрлэг, 16 дотуур байр, 29 эмнэлэг, аймгийн төвийн 3 театр шинээр барьж ашиглалтад оруулна. Дэд бүтцийн салбарт авто замын 43, гүүрийн байгууламжийн 10, цахилгаан дамжуулах агаарын шугамын 11, дулааны шугам сүлжээний 3, инженерийн шугам сүлжээний 26 төслийг тус тус ашиглалтад оруулна. Түүнчлэн олон жил яригдаж шийдлээ хүлээж байсан нэн хэрэгцээтэй бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж ашиглалтад оруулж байна. Тухайлбал 5 удаа нээлт хийн тууз хайчилж олон жил яригдсан Баянхонгор Говь-Алтай аймгийн төвүүдийг холбосон хатуу хучилттай замыг нэг жил гаруйн хугацаанд дуусган ашиглалтад оруулж эхний санхүүжилтийг 2021 оны төсвийн төсөлд тусгалаа.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн, баталж өгөхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа