2020 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн 22:09 цагт СБД-ийн 9 дүгээр хороо Алтайн гудамж дахь Панда авто засварын газар шатаж, дуудлагаар ГТУА 10-р анги гарч очиход гал дэлгэрсэн байсан бөгөөд нэмэлтээр 4 анги 2 цаг 50 минут ажиллан гал түймрийг бүрэн унтраажээ.
Гал түймрийн улмаас иргэн Б-ны эзэмшлийн 18*21 хэмжээтэй авто засвар, дотор байсан 3 автомашин, баруун талд байрлах иргэн Г-ийн авто лизингийн төвийн дээвэр, баруун талын хана шатаж 3 автомашин хайрагдсан. 12 автомашиныг галаас аварч гаргасан байна.
Зүүн талд байрлах иргэн Д-гийн 16*15 хэмжээтэй авто засварын газрын зүүн талын хана тус тус шатаж байсныг бүрэн унтрааж ажиллажээ. Уг гал түймрээс иргэн, аж ахуй нэгж байгууллагын 1 тэр бум 54 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан аж.
Онцгой байдлын албанаас нийт 40 алба хаагч, 9 гал унтраах тусгай зориулалтын автомашин, цагдаагаас 40 алба хаагч, 1 машин, Ус сувгаас 5 тоннын 2 машин, 2 ажилтан ажиллажээ. Гал түймрийг унтраах үйл ажиллагааг НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан удирдаж ажилласан байна.
Гал гарсан шалтгаан нөхцлийг тодруулахаар Онцгой байдал болон цагдаагийн албан хаагчид ажиллаж байна.