НҮБ-ын ерөнхий Ассамблей 2008 онд жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг "Дэлхийн гар угаах өдөр" хэмээн тунхаглажээ.
Жил бүр уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь дэлхийн сая сая хүмүүсийг гараа савандаж угаахыг уриалсан томоохон компанит ажил болдог бөгөөд гараа савандаж угаах нь нийт хүн ам, ялангуяа бага насны хүүхдийг суулгалт болон амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад чиглэдэг. Хүний эрүүл мэндэд нөлөөлөх олон хүчин зүйлүүдээс амьдралын хэв маяг 50-70 хувийг эзэлдэг болохыг ДЭМБ-аас тогтоосон.
Халдварт өвчний 90 орчим хувь нь бохир гараар дамжин халдварладаг тул гараа угааж хэвшсэнээр амьсгалын болон гэдэсний халдвар өвчнийг 25-50 хувиар бууруулж болно гэж эмч, мэргэжилтнүүд үздэг.
Энэ жил "Дэлхийн гар угаах өдөр"-ийг гарын ариун цэвэр-бүх нийтийн үйл хэрэг гэсэн уриан дор тэмдэглэж байна.
Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, гараа тогтмол, савандаж угаах дадлыг хэвшүүлэх нь эрүүл мэндээ хамгаалахад хувь хүний зүгээс оруулж буй том хувь нэмэр болох юм.