Аравдугаар сарын 15-ны өдөр буюу энэ пүрэв гарагт бүх нийтээр амарна.
2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр баталсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 9.3. Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна хэмээн заасан. Энэ дагуу аравдугаар сарын 15-ны өдөр бүх нийтээр амрах юм.
Орон нутгийн Хурлын сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 15-ны өдрийн 07:00-20:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өчигдөр захирамж гаргаж, аравдугаар сарын 14-16-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоохоор боллоо. Тэрбээр “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1184 тоот захирамж гаргасан билээ.
Захирамжид “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал авах /зөөврийн битүүмжилсэн хайрцгаар болон санал авах байранд/, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 14-16-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосугай” гэжээ.