Хотын төсвөөс идсэн уусан тухай мэдээлэл өдөр алгасахгүй гарч, чамгүй хэл ам дагуулаад байна. Тэдний нэг хотын ерөнхий менежер Т.Гантөмөр 2 жилийн өмнө хувьдаа завшсан 400 сая төгрөгийн асуудлаа АТГ-т шалгуулж байгаа.
Энэ тухай АТГ-т ирсэн баримтыг дэлгэвэл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын тохижилт, ногоон байгууламж, замын ажил гүйцэтгүүлэхээр нэр бүхий хуулийн этгээдэд 2018 онд 400.3 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байх бөгөөд ингэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, холбогдох хуулиудыг зөрчсөн байна.
Тодруулбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь гүйцэтгэгч компаниар ажил гүйцэтгүүлэхдээ сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу явуулаагүй, гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахад тавигдах шаардлагыг хангаагүй, тусгай зөвшөөрөлгүй компанид улсын төсвийн мөнгийг шилжүүлж ажил гүйцэтгүүлсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн, авлига, хувийн ашиг сонирхол харж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж харж байна. Тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд гэдэг бол тухайн төрлийн ажлыг гүйцэтгэж байсан туршлага, чадваргүй гэсэн үг бөгөөд тухайн ажлыг чанаргүй гүйцэтгэх магадлалтай.
Иймд Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нь ашиг хонжоо хайж улсад 400 сая төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх бүрэн үндэстэй юм байна. Дээрх, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Нийслэл дэх Төрийн аудитын газар хууль зөрчсөн үйлдэл болохыг нь тухайн оны дөрөвдүгээр сард тогтоосон гэж байгаа. Гэвч түүнд өнөөдрийг хүртэл хариуцлага тооцож, арга хэмжээ авах зоригтон олдоогүй байна. Хэрэв энэ бүхэн үнэн болохыг АТГ нотлох юм бол, Т.Гантөмөр нь Эрүүгийн хуулийн 22.1 буюу “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан” гэмт үйлдлээр ял авах үндэслэлтэй аж.