ЧУУЛГАН: УЛСЫН НӨӨЦИЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙН САНТАЙ БОЛНО
УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.11.12/ -ийн нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлд өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг цаг үетэй нийцүүлж, улсын нөөцийн бараа материалын нэгдсэн мэдээллийн сан байгуулж, программ хангамжийн тусламжтайгаар эрсдэлийг удирдахаар тусгажээ. Хууль санаачлагчид гамшгийн голомтын бүсэд нэн шаардлагатай бараа материалыг улсын нөөцөөс гаргахад Засгийн газрын хуралдааны шийдвэрийг хүлээж цаг алдалгүй Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр шуурхай гаргаж хариу арга хэмжээг авах зохицуулалт туссан гэдгийг онцоллоо. Мөн улсын нөөцийн агуулах, барилга байгууламжийн насжилт хэтэрсэн, дэд бүтэц муудсан нь хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад сөргөөр нөлөөлөх эрсдэл тулгарч буй тул агуулах шинээр барих, өргөтгөх зардлыг улсын төсөв болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна.
УИХ-ын гишүүд, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, хэн нэгэнд давуу эрх олгохоос зайлсхийх, улсын нөөцийг бүрдүүлэхдээ тусламж тараах бус шинжлэх ухаанд суурилсан эдийн засгийн зохицуулалт хийх, аймаг орон нутгийн удирдлагуудад эрх мэдэл олгож байж хариуцлага ярих шаардлагатай гэх мэт саналыг хэлэв.
Үргэлжлүүлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны санал хураалтыг маргааш буюу Баасан гарагт явуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөв.