БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА✅
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар Төв аймгийн Зуунмод хотын боловсролын салбарт хэрэгжиж буй зарим бүтээн байгуулалтын ажилтай танилцан, орон нутгийн багш, ажилтнуудтай уулзав.
 
Эцэг эх, асран хамгаалагчдаасаа хол, алслагдсан бүсээс ирж суралцдаг хүүхэд багачуудыг орчин үеийн шаардлага хангасан орчинд сурч, амьдрах орчин бүрдүүлэхээр Зуунмод сумын төвд 4.3 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр барьж буй 150 ортой дотуур байрны барилгын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
 
Харин Зуунмод хотын 5 дугаар сургуулийн 320 суудалтай өргөтгөлийн барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй, үндсэн хийц бүтээц бүрэн дуусаж, гадна фасад, дээвэр болон дотор заслын ажлууддаа оржээ. 9,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй сургуулийн өргөтгөл ашиглалтад орсноор сургуулийн хүчин чадал нэмэгдэж, сурагчдын суралцах орчин сайжрах юм.
 
Үүний дараа “Хүн бүр хүүхдийн төлөө, хүүхэд бүр хөгжихийн төлөө” уриатай 3 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Тус сургуульд энэ хичээлийн жилд 56 бүлэгт 1867 сурагч суралцаж, 116 багш ажилтан хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн хамт олон суралцагчдынхаа сурлага, хүмүүжил, төлөвшлийг сайжруулах, сургууль орчмыг эрсдэлээс хамгаалах, эцэг эх асран хамгаалагчидтай эргэх холбоотой ажиллах зэрэг зорилт тавин ажиллаж байгаа гэлээ.
 
Төв аймгийн хэмжээнд 31 ерөнхий боловсролын сургууль, 41 цэцэрлэгт 17 мянга орчим хүүхэд багачууд суралцаж, 1200 гаруй багш, ажилтан албан хаагчид ажиллаж байна.
Сум, орон нутгийн боловсролын байгууллагын багш, ажилтан албан хаагчидтай уулзах үеэр УИХ-ын гишүүн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал аймгийн хэмжээнд боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулсан. Тухайлбал, 2020-2027 онд Төв аймагт 71.7 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 11 сургуулийн, 13.4 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 7 цэцэрлэгийн, 20 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 7 дотуур байрны барилга, бүтээн байгуулалтын ажил хийгджээ.
 
Мөн сургууль, цэцэрлэг, дотуур байрыг тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангахад үргэлжлүүлэн анхаарч ажиллана гэв.
 
Салбарын сайд Л.Энх-Амгалан “Хүүхэд бүр хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай боловсрол эзэмших, аюулгүй, ээлтэй орчинд сурч хөгжих ёстой.
Цаашид аймаг орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд чанарын өндөр түвшинд ашиглалтад оруулж, хүүхэд бүрд сурч хөгжих тэгш боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарна. Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын орчныг сайжруулах ажил нийслэл төдийгүй орон нутаг бүрд бодит үр дүн авчирч, хүүхдийн төлөөх хөрөнгө оруулалт бүр Монгол Улсын ирээдүйд оруулж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болох болно” хэмээн онцлов.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ