БНСУ-ЫН ЖОНБУК МУЖИЙН UNIONCT КОМПАНИЙН УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Даланзадгад хот, Бүгд Найрамдах Солонгос Улсын Жонбук муж хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, хотын хөгжил, нийтийн дэд бүтэц, технологийн салбарт харилцан туршлага солилцох, хөрөнгө оруулалтын ажлуудыг хэрэгжүүлж байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Жонбук мужид үйл ажиллагаа явуулдаг UNIONCT группийн PITCHCABLE компани Даланзадгад хотод орчин үеийн технологид суурилсан ухаалаг гэрлэн дохио болон нүүрстөрөгчийн шилэн халаалтын хавтангийн технологийг нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.
Тус компанийн удирдлагууд дээрх ажлын хэрэгжилттэй холбоотойгоор Өмнөговь аймагт ажиллаж байгаа бөгөөд аймгийн Засаг дарга Н.Энхбат хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны хүрээнд санал солилцлоо.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Н.Энхбат БНСУ-ын Жонбук муж, Чонжү хотын байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг бодит ажил, хөрөнгө оруулалтаар үр дүнтэй хэрэгжүүлж буйд талархал илэрхийлээд, Даланзадгад хотын хөгжлийн хэрэгцээ, онцлогт нийцсэн дэвшилтэт технологи, эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх талаар байр сууриа илэрхийллээ.
UNIONCT нь БНСУ-ын Жонбук мужийн Чонжү хотод үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хотын нийтийн байгууламж, замын хөдөлгөөний дэд бүтэц, ухаалаг хотын шийдэл, нүүрстөрөгчийн технологийн чиглэлээр ажилладаг. Тус групийн харьяа PITCHCABLE компани нь нүүрстөрөгчийн халаалтын хавтан, цас мөс хайлуулах систем, нүүрстөрөгчийн халаалттай сандал зэрэг бүтээгдэхүүн, технологийг хөгжүүлж байна.
Энэ удаагийн хамтын ажиллагаа нь Даланзадгад хотод эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй, технологид суурилсан хотын орчныг бүрдүүлэх, иргэдийн ая тух, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодит ажлын нэг хэсэг болж байна.