ФРАЙБЕРГИЙН УУЛ УУРХАЙН АКАДЕМИЙН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАХААР БОЛЛОО
“Эрдэнэс ҮТП” ХХК, ШУТИС болон Германы Фрайбергийн Уул уурхайн академийн Технологийн их сургууль инженер, технологийн чиглэлийн хүний нөөц бэлтгэх, багш, оюутан, судлаачдын солилцоог хөгжүүлэх, хамтарсан сургалт, судалгаа хэрэгжүүлэхээр гурван талт санамж бичиг байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр талууд инженер, технологийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх, багш, судлаач, оюутан солилцоог өргөжүүлэх, хамтарсан сургалт, судалгаа, төсөл хэрэгжүүлэхээр болсон юм.
Энэ хүрээнд уул уурхай, байгаль орчин, цахилгааны инженерийн чиглэлээр 2+2, 1+1 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, үйлдвэрлэл, технологийн паркуудад шаардлагатай мэргэжилтэн бэлтгэнэ. Дэлхийд 33, Германд 1-р байрт эрэмбэлэгддэг Фрайбергийн их сургуультай байгуулсан энэхүү түншлэл нь олон улсын мэдлэг, технологийг үйлдвэрлэлтэй уялдуулахад чиглэж байна.