МОНГОЛ, ГЕРМАНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ БОЛОМЖУУДЫГ ТОДОРХОЙЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол, Германы Засгийн газар хоорондын хэлэлцээрийн Эдийн засгийн хорооны 11 дүгээр хуралдаан боллоо.
Хуралдааныг Монгол–Германы Эдийн засгийн хорооны дарга, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай нээж үг хэллээ. Тэрээр, 2011 онд байгуулсан ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарын хамтын ажиллагааны хэлэлцээрийг бодит төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх үндэс болгох шаардлагатайг онцлов.

Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэл, түүний дотор Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцууллаа. Энэхүү шинэчлэл нь уул уурхайн салбарыг технологи, инновац, боловсруулах үйлдвэрлэлтэй уялдуулан хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлж байна.
Хуралдааны үеэр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг дараах чиглэлээр өргөжүүлэх боломжийг онцоллоо. Үүнд:
• Уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл - Германы дэвшилтэт технологи, инженерчлэлийн туршлагыг нэвтрүүлэх;
• Эрчим хүч, байгаль орчин - Сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашиг, байгаль орчны хамгааллын чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх;
• Дэд бүтэц, хүний нөөц - Тээвэр, логистик, үйлдвэрлэлийн дэд бүтэц, мэргэжлийн боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх;
• Хөрөнгө оруулалт, бизнесийн түншлэл - Хоёр орны аж ахуйн нэгж, санхүүгийн байгууллага, технологийн компаниудын хамтын ажиллагааг өргөжүүлэх;
Монгол–Германы Эдийн засгийн хороо нь хоёр орны давуу талыг харилцан нөхөж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааны боломжуудыг бодит төсөл, үр дүн болгон хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллана.