ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ХОРООНЫ 77 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 77 дугаар чуулганы хуралдаан Бүгд Найрамдах Филиппин Улсын Манила хотноо эхэллээ. Чуулганд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Чуулганы хуралдааны эхний өдөр Номхон далайн баруун бүсийн захирлын өнгөрсөн нэг жилийн хугацааны ажлын тайлан болон 2025-2026 онд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хэрэгжилт, төсвийн гүйцэтгэл болон 2027-2028 оны төсвийн төслийн хэлэлцүүлэгт манай төлөөлөгчид тус тус оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэх болно.

Энэ удаагийн чуулганаар Сайд нарын дугуй ширээний хэлэлцүүлгээр зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн бүс нутгийн нэгдсэн худалдан авалтын механизмыг бий болгох асуудлыг онцлон авч үзэж байна. Энэхүү нэгдсэн механизм нь чанартай бөгөөд аюулгүй эмийг боломжийн үнээр худалдан авч эмийн хомсдолоос сэргийлэх зорилготой бөгөөд манай улсын хувьд стратегийн өндөр ач холбогдолтой юм.
Түүнчлэн бүс нутгийн хэмжээнд хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй зүрх судасны өвчлөлийг бууруулах зорилгоор артерийн даралтыг эрт илрүүлэх, хянах, анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах, орчин үеийн технологийн дэвшлийн хүрээнд хиймэл оюун ухааныг оношилгоо, эмчилгээ болон нийгмийн эрүүл мэндийн тандалтад аюулгүй, ёс зүйтэйгээр нэвтрүүлэх удирдамжийн төслийг хэлэлцэхбөгөөд вакцинжуулалтын хамралтыг сэргээж, дархлаажуулалтаас хоцорч буй бүлгүүдэд хүрэх үйл ажиллагааг эрчимжүүлэх стратегийг гишүүн улс орнууд хэлэлцэн батална.
Мөн залуу үеийнхний дунд тархаж буй электрон болон шинэ төрлийн тамхины хэрэглээг хязгаарлах, хууль эрх зүйн орчныг чангаруулах замаар Тамхины хяналтын суурь конвенцын хэрэгжилтийг нэмэгдүүлэх асуудлыг тусгайлан хэлэлцэнэ. Энэхүү чуулганаас гарах шийдвэрүүд нь ирэх жилүүдэд бүс нутгийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа болон тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг шинэ түвшинд гаргах суурь болох юм.