Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масару Игавахараг хүлээн авч уулзан, байгаль орчин, ойжуулалт, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр байгаль орчныг хамгаалах, цөлжилтийг бууруулах, говийн экосистемийг нөхөн сэргээх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын хүрээнд Элчин сайд Масару Игавахара гэр бүлийн хамт Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумын нутагт заг тарьж, худаг гаргах, мод хамгаалах хашаа байгуулах зэрэг ажлыг 100 га талбайд хэрэгжүүлж байгаа юм.
Энэ хүрээнд говийн бүсэд ойжуулалт хийх, байгалийн нөөцийг хамгаалах чиглэлээр Япон Улсын дэвшилтэт технологи, туршлагыг нэвтрүүлэх, залуучууд, сурагчдын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцав. Мөн өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, говийн алслагдсан бүс нутгийн усан хангамжийг сайжруулах, зэрлэг амьтдыг усаар хангах чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцэв.
Цаашид байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх, ойжуулалт, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр Япон Улсын туршлага, технологийг нэвтрүүлэх, залуучууд, сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.