“AGROINTER SCHOOL–2026” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД МОНГОЛЫН БАГ, ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
ОХУ-ын Москва хотноо 2026 оны 10 дугаар сарын 06-наас 11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “AgroInter School–2026” олон улсын тэмцээнд Зуунмод сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн харьяа Төв аймаг дахь Орос хэлний нэмэлт боловсролын төвийн сонсогч Э.Энхбаяр, Нийслэлийн Хан-уул дүүргийн 7 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Энхтулга, Э.Энхцэцэг нар амжилттай оролцоод эх орондоо ирлээ.
Тэднийг өнөөдөр Төв аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр хүлээн авч уулзлаа. Тус тэмцээнд дэлхийн 15 орны 100 гаруй оролцогч оролцсон ба мэдлэг, ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, шинэлэг санаагаараа өрсөлдсөн байна.
“AgroInter School–2026” олон улсын тэмцээн нь “АгроКосмос”, АгроРоботы”, “АгроКоптеры” гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэх ба манай баг тамирчид “АгроКосмос” төрөлд эх орноо төлөөлөн оролцож, олон улсын түвшинд мэдлэг, авьяас чадвараа сорин, дэлхийн олон орны үе тэнгийн хүүхдүүдтэй туршлага солилцож, шинэ мэдлэг, үнэ цэнтэй дурсамж бүтээгээд иржээ.
Тэмцээнд оролцсоноор сурагч хүүхдүүд онолын мэдлэгээс гадна бодит асуудлыг технологиор шийдэх чадварт суралцаж, орос хэлний мэдлэгээ технологи, инженерчлэл, сансар судлалтай хослуулан хөгжүүлэх таатай боломж бүрдсэн талаар оролцогчид онцолсон юм.
Монголын багийг удирдан оролцсон ОХУ- ын Иркутск Улсын Газар тариалангийн их сургуулийн тэнхмийн эрхлэгч Елена Александровна Пономаренко, Төв аймаг дахь Орос хэлний нэмэлт боловсролын төвийн багш Д.Туяа болон тэмцээнд амжилттай оролцсон сурагчдадаа халуун баяр хүргэе!