Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.14 / Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Р.Батболд, Ц.Туваан, Л.Мөнхбаясгалан, Н.Батсүмбэрэл, Л.Соронзонболд, Д.Цогтбаатар, Г.Хосбаяр нараас Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Хуулийн төслийн гол агуулга нь хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэж буйг Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр тодотгоод Засгийн газрын шийдвэрээр 2019 оноос жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1 хүртэл хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон байдаг гэв.

Хэдийгээр хугацаа заагаад ийн хориглосон байдаг ч өнөөдөр 21 аймаг, 330 сум бүрд хаврын морин уралдааныг нууцаар зохион байгуулж, тэдгээр нь уралдааны зориулалтын зам, хүүхдийн аюулгүй байдал, хувцас хэрэглэлийн стандартыг хангахгүй, төр засгийн хараа хяналтгүйгээр далд хэлбэрээр уралдаан, сунгаа зохион байгуулан эрсдэл үүсгэж, улмаар унаач хүүхдүүд хөлдөх осгох, мориноос унаж гэмтэх аюулыг бий болгож байгаагаас үүдэн төрийн бус байгууллагуудуудын эсэргүүцэл эрс ихэссэн байна. Үүнтэй холбогдуулан хүний эрхийн болон хүүхдийн байгууллагууд уралдааны журмыг өөрчлөх, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал, санаачилгууд гаргасаар байгаа аж. Иймд Засгийн газрын тогтоолоос өөр энэ талаарх тодорхой зохицуулалтгүй байгаа тул хаврын морин уралдааны эрх зүйн орчныг бий болгох зорилгоор хуулийн төсөл боловсруулсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр онцлон тэмдэглэв.

Хуулийн төсөлд дараах асуудлыг зохицуулахаар тусгажээ. Тухайлбал, хурдан морины уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 15-ны, эсвэл түүний доторх аль нэг өдөр цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулах, товыг нь Засгийн газрын шийдвэрээр тогтоохоор тусгажээ. Мөн хаврын хурдан морины уралдаан зохион байгуулахдаа морь уралдуулах зурвасыг тусгайлан засаж, аюулгүй байдлыг хангах, уралдааны морийг 14 болон түүнээс дээш насны хүн унаж уралдах зохицуулалтыг тусгасан байна. Улмаар уралдааны морь унах хүн дулаанаа хадгалдаг, салхи, ус, цас нэвтрүүлдэггүй, осол, гэмтлээс хамгаалах, сэрүүний улиралд тохирсон хувцас хэрэглэлтэй оролцох, заавал даатгуулах, морины уяач нь уралдааны морь унагч болон түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гэрээ байгуулах, хүн, мал эмнэлгийн тусламжийн хэсгийг хаврын хурдан морины уралдааны замд өртөөчлөн байрлуулж, тусламж үйлчилгээ үзүүлэх, аюулгүй байдал, хэв журмыг сахиулах бэлтгэлийг хангасан байх зэрэг шаардлагыг тодорхой зохицуулжээ. Улмаар хаврын хурдан морины уралдаанд азарга, их нас, соёолон насны морьдыг уралдуулахын зэрэгцээ морины насны ангиллаас хамаарч азарга, соёолон насны морьд 16-17, их насны морьд 18-19 километрын замд уралдах зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар хаврын морин уралдааны унаач хүний насыг 14-өөс дээш хэмээн тогтоож, стандартын хамгаалалтын хувцас, хэрэглэл хэрэглэснээр эрх зөрчих асуудал багасах бөгөөд моринд гарамгай хүмүүст шинээр ажлын байр бий болох давуу талтай болно. Түүнчлэн морин уралдаан нь үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүхэн уламжлалыг бэхжүүлэх, нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ